Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ 7 дугаар сургууль тэргүүлжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-12-16 19:14:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнийг бага ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулах нь замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг хүүхдүүд багаасаа мэдэж өөрийгөө болон бусдыг аливаа эрсдлээс хамгаалж сурах давуу талтай гэж Замын Цагдаагийн газрынхан хэлж байна.


Энэ удаагийн тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж нийт 12 сургуулийн 200 гаруй сурагч оролцлоо. Үүнээс 7 дугаар сургууль нэгдүгээр байр, 20 дугаар сургууль хоёрдугаар байр, 14 дүгээр сургууль гуравдугаар байранд орлоо. Тэмцээн мэндчилгээ, буухиа, урлагийн тоглолт гэсэн гурван төрлөөр болж сурагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.  

Тэмцээний үеэр Замын Цагдаагийн газрынхан 2017 онд авто замын осолд өртсөн хүүхдүүдийн талаар дурдахдаа, эцэг, эх асран хамгаалагч нар хүүхдүүддээ гэрлэн дохиогоор  зам хөндлөн гаргаж сураагүйгээс өөрийгөө болон бусдыг хохироож байгаа талаар онцоллоо. Мөн хүүхдүүд машинд суух болон буухдаа бэртэх, автобуснаас буугаад шууд зам хөндлөн гарах гэж гүйж болохгүйг анхааруулсан юм. Өнгөрсөн онд Орхон аймагт долоон хүүхэд замын хөдөлгөөнд оролцохдоо гэмтэж нэг нь нас баржээ. Харин энэ онд найман хүүхэд бэртэж нэг хүүхэд нас барсан байна.


Холбоотой мэдээ