Д.Дэлгэрцогт: Станцуудын хувьчлал дотоодод нь хөрөнгө оруулалт болж шингэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-09 16:13:25

Энэ онд багтаж “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК болон зарим уурхайг хувьчлахаар болсон. Иймд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтоос салбарын хэмжээнд хийх төрийн өмчийн хувьчлалын явцын талаар тодрууллаа.

-Тус салбарын томоохон байгууламжийг хувьчлалд хамруулах шийдвэр гарсан. Хувьчлалын бэлтгэл ажил ямар явцтай байна вэ?

-УИХ, Засгийн газрын хувьчлалтай холбоотой тогтоол шийдвэр гарсан. Станцуудын 70 хувь нь төрийн мэдэлд байх, үлдсэн 30 хувийг хувийн хэвшил рүү шилжүүлэхээр болсон. Одоогийн байдлаар компаниуд дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Төрийн өмчийн хороо татан буугдаад чиг үүрэг нь Сангийн яам руу шилжсэн. Иймд Сангийн яам, Үнэт цаасны хороо болон бусад байгууллагатай хамтарч ажиллаж байна. Компаниуд Хөрөнгийн бирж дээр нээлттэй байдлаар хувьцаа гаргана. Зарим компаниуд ажил урагштай, өөрөөр хэлбэл үнэлгээний хороо нь байгуулагдаад байна. Ер нь хувьчлалын шийдвэр бол сайн шийдвэр болсон. Хувьчлалаас орж ирсэн хөрөнгө өмнө нь төсвийн орлого руу ордог байсан бол энэ удаад компанидаа техник технологийн шинэчлэлтэд хөрөнгө оруулалт хийх нь. Тиймээс энэ ондоо багтаж компаниуд төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар бүтцийн өөрчлөлтөд орох юм.

-Яамны зүгээс хэзээгээр эхний компани бирж дээр хувьцаагаа арилжаална гэсэн төлөвлөгөөтэй байна вэ?

-Ойролцоогоор 60-70 хоногийн дотор үйл ажиллагаа эхэлнэ.

-Станцуудыг хувьчилснаар төрийн ачаалал хэр хөнгөрнө гэж үзэж байна вэ?

-Манай станцууд насжилт өндөртэй, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Иймд компаниуд өөрсөд дээрээ шинэчлэлтийн жагсаалтаа гаргасан байгаа. Өнөөдөр улсаас эдгээрт хөрөнгө оруулалт хийх бололцоогүй байна. Иймд энэхүү шаардлагатай хэсэгт хөрөнгө татья гэж 30 хувьд хувьчлал явуулахаар болсон. Босгосон хөрөнгөө компани дотооддоо зарцуулах, нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчид компанийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох замаар бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоотой гэж харж байгаа.

-Ирэх жилүүдэд танай салбарт хувьчлал явуулах уу. Ямар төсөөлөлтэй байна вэ?

-Энэ жил хувьчлалаас их туршлага хуримтлуулах байх. Түүн дээр үндэслээд хувь хэмжээг нэмэх үү, үгүй юу гэсэн асуудал УИХ, Засгийн газрын түвшинд ярьж таарна. Одоогоор бол хэлэлцэн баталсан хуваарьт ажлынхаа түвшинд ажил яригдаж байна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ