Өвөрмонголын малчин зохиолч С.Төмөр Монгол Улсад номоо хэвлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-03 18:46:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баруун Сөнид хошууны малчин С.Төмөр "Цагийн өнгө" номоо Монгол Улсад анх удаа, кирилл үсгээр хэвлүүлжээ. Түүний номын баяр өнөөдөр Данзанравжаагийн нэрэмжит Монгол уламжлалын академид болов.

    Номын баярыг  нээж, Монгол уламжлалын академийн тэргүүн, доктор, зохиолч, МУСГЗ Л.Дашям хэлэхдээ, "Өвөр Монголын малчин хүний бичсэн ном ихэд өвөрмөц юм байна. Нэн ялангуяа, манай малчин зохиолчдынхоос зарим үг хэллэг нь нэн эртний, язгуурын монгол хэлтэй байгаагаараа онцлог. Тиймээс түүний номын баярт монгол өв соёлыг дээдэлдэг, нүүдэлчний уламжлалаар бичиж туурвидаг зохиолч, яруу найрагч, судлаач, эрдэмтэн, оюутан олноор ирсэнд олзуурхаж байна" хэмээв.

Утга зохиол судлаач, доктор П.Батхуяг, "С.Төмөр малчны зохиолын онцлогийг өгүүллэг бүртээ шингээжээ. Түүний өгүүллэгүүдийг уншихад, үйл явдал нь Өвөр Монголд өрнөж байгаа ч, манай улсын Сэлэнгэд ч, Өвөрхангайд ч, Хархоринд ч болж байгаа юм шиг бодогдохоор байна. Энэ нь  хаана ч байсан малчны амьдрал, сэтгэхүй адилхан байдгийнх. Ер нь, дэлхийд Монгол Улс, Өвөр Монгол хоёрт л малчин зохиолч байдаг байх. Тиймээс эртний үндэс угсаа нэг малчны зохиол улам олон болж, хоёр улсын зохиолчид бүтээлээ солилцож байгаасай" хэмээв. Түүнчлэн С.Төмөрийн зохиолын тухай доктор, зохиолч Ч.Пүрэвдорж, МУСГЗ, яруу найрагч, "Улирал ба зохиолч" сэтгүүлийн эрхлэгч Д.Нямаа, зохиолч Б.Шүүдэрцэцэг, Монголын Хүүхдийн зохиолчдын холбооны тэргүүн, дэд профессор Н.Энхтайван нарын олон хүн санал бодлоо хэллээ.

    С.Төмөр нь 1990-ээд оноос орон нутгийн сониндоо мэдээ бичиж байгаад 2000 оноос зохиол бичих болжээ. 

Холбоотой мэдээ