Орон нутагт захиргааны нэгжүүдийн чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгоё

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-01-15 14:24:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутагт төрийг төлөөлөн удирдаж буй 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, нийслэл, дүүрэг, сум, багийн ИТХ, Иргэдийн нийтийн хурал, Засаг дарга нарын төлөөлөл 300 шахам хүн оролцсон “Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” чуулган өнөөдөр “Шангри Ла” зочид буудалд эхэллээ.  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан чуулганыг нээж хэлэхдээ, нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг явуулахад Үндсэн хуулийн өөрчлөлтийг оновчтой хийх хэрэгтэйг онцлов. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг танилцуулахдаа, дээрх бодлогыг цогцоор хэрэгжүүлэх зарчим баримтлан ажиллаж байгааг тэмдэглэж байв. Хөгжлийн гурван тулгуурт бодлогын нэг нь “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал” бөгөөд Төрийн албаны шинэчлэлийн гол үзэл санааг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж буй Төрийн албаны тухай хуулинд тусгасныг тодотголоо.




2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлаж байна


ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгааг дуулгаад, “Төрийн бүх шатны байгууллага, төрийн албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ хуулийг даган гарсан дүрэм, журам, баримт бичгүүдийг дагаж мөрдөн ажиллах ёстой. Үүнд бид хяналт тавьж ажиллана. Төрийн албанд тогтсон хуучин соёлыг хууль тогтоомж болон орчин үеийн болон ирээдүйн шаардлагад нийцүүлэн өөрчлөх ажлыг хийж байна. Шинэ үзэл баримтлалыг хуучин арга барил, хуучин соёлоор хэрэгжүүлэх ёсгүй гэсэн юм. Тэрбээр, “Төрийн алба иргэндээ үйлчилдэг, ард түмний үйлчлэгч байх ёстой. Иймд Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж байна. Энэ ажлын хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг цахим орчинд оруулж, дижитал шилжилт хийнэ гэдгийг онцоллоо. Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд:

  • Улс төрийн төвлөрлийг сааруулах,
  • Захиргааны төвлөрлийг сааруулах,
  • Төсвийн төвлөрлийг сааруулах,
  • Эдийн засгийн төвлөрлийг сааруулах гэсэн чиглэлээр ажиллаж байгааг танилцуулж, энэ бодлого нь иргэн төвтэй төрийн үйлчилгээний нэг чиглэл юм гэлээ.  

 

 

Орон нутагт захиргааны нэгжүүдийн чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгоё


Чуулганы үеэр Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай уулзахад тэрээр, “Өнөөдөр орон нутгийг удирдахад эрхзүйн хувьд тулгуур болж буй "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэхээс гадна энэ хуулийн шинэчилсэн найруулгад санал авч, санаа бодлоо солилцож байгаа нь орон нутгийнхны хувьд чухал юм. Энэ хуулийн хэрэгжилтэд томоохон ахиц дэвшил гарна гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь, төрийн төв байгууллага, нутгийн удирдлагын байгууллагууд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн чиг үүргийг оновчтой тодорхойлж, давхардал хийдлийг арилгамаар байна.



Үүнийг дагаж эрхзүй, бодлого, үйл ажиллагаа, боловсон хүчин, эдийн засаг, төсөв санхүүгийн  эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх ёстой юм. Ингэж байж орон нутгийн асуудал цогцоор шийдэгдэнэ. Ийм замаар орон нутгуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн үйл ажилагааны цар хүрээ өргөжиж, “Орон нутгаас хөгжил эхэлдэг” гэсэн үйл явц бодит ажил хэрэг болно. Мөн төрийн ажил үйлчилгээ иргэдэд илүү ойртож, сайн үр дүнтэй болох боломж бололцоо бүрдэнэ” гэсэн юм. Тэрээр төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээ анхан шатанд сум, багаар дамжин иргэдэд хүрдэг тул нутгийн удирдлагын байгууллага, нэгжүүдийн бүтэц, орон тоог эргэж харах шаардлагатай болсныг онцолж байлаа.


Аймаг орон нутагт багагүй хөрөнгийн боломж бололцоог бүрдүүлж өгч байна


Чуулганд үг хэлсэн Сангийн дэд сайд Х.Булгантуяа, өнөөдрийн байдлаар аймаг, орон нутагт “Ашигт малтмалын лицензийн төлбөрийн 50, газрын тосны лицензийн төлбөрийн 30 хувийг “шилжүүлж” төвлөрүүлэх болсныг дуулгаад, үүнээс гадна агаарын бохирдлын төлбөр буюу нүүрс олборлолтоос орж буй орлогын 50 орчим хувийг орон нутагт үлдээхээр байгаа гэв. “Ингэснээр Өмнөговь, Дорноговь зэрэг уул уурхай ихтэй зарим аймгуудад орлого нэлээн төвлөрнө гэсэн үг. Байгалийн баялаг ихтэй аймаг, орон нутагт уул уурхайг дагаад автомашины тооноос аваад дэд бүтцэд ирэх ачаалал нэмэгддэг. Ийм аймгууд байгаль орчноо сэргээж хамгаалах, орон нутгийн иргэдийг ажилтай болгох зэрэг ажлыг давхар хийж байхгүй бол иргэд, ААН-үүдийн хооронд тодорхой хэмжээнд зөрчил үүсдэг. Үүнийг арилгахын тулд аймаг, орон нутагт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлсэн” гэдгийг тодотгов.



Тэрээр цааш нь хэлэхдээ, “Төсвийн төвлөрлийг сааруулах бодлогыг Үндсэн хуультай уялдуулан Төсвийн тухай хуулиудад тусгаж өгсөн. Уул уурхай ихтэй бусад орны жишгээр орон нутгуудад дэд бүтцийг дэмжиж, алт, нүүрсний олборлолтын төлбөрүүдийг тухайн бүс нутагт нь үлдээж, орж ирсэн орлогуудыг зөв зүйтэй зарцуулдаг тогтолцоог манай улсад бий болох ёстой.


Энэ онд орон нутгийн хөгжлийн санд144 гаруй тэрбум төгрөгийг 21 аймагт төсөвлөсөн. Үүнийг 2017 онтой харьцуулахад 90 гаруй орчим тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оныхтой харьцуулахад 55 тэрбум төгрөгөөр илүү байна.


Аймаг орон нутагт хөрөнгийн багагүй боломжийг бүрдүүлж өгсөн. Үүнийг аймаг, сум, орон нутагт юунд зарцуулах талаар ИТХ хэлэлцэхдээ иргэдийн оролцоог хангаж, байгаль орчноо хамгаалж, орон нутгаа хөгжүүлэх ямар боломж байгаа талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг байх ёстой. Ийм арга замыг олон улсын байгууллагуудаас дэмжин ажиллаж байна. Жишээ нь, Дэлхийн банк “Тогтвортой амьжиргаа-3” гэсэн төслийг одоо хэрэгжүүлж байгаа. Бид аймаг, орон нутгийн төсвийг боловсруулж хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хэр хангаж, хууль тогтоомжийг хэр хэрэгжүүлж буйд нь тулгуурлаад олон улсын байгууллагууд, Дэлхийн банкны санхүүжилтийг Орон нутгийн хөгжлийн санд нэмж олгодог. Үүний үр дүнд аймаг, орон нутгууд төсөв боловсруулахдаа олон улсын зөвлөхүүдийг авах зэргээр хамтран оролцож байгаа” гэв.

Чуулганд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова болон Швейцарын Хөгжлийн агентлагийн Дэд захирал Илариа Дали нар оролцож үг хэлсэн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ