Хөдөлмөрийн баатар зохиолч Б.Бааст 97 насандаа таалал төгслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-17 10:58:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст таалал төгслөө. Тэрбээр 2018 оны 12-р сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртээд удаагүй байсан юм.

Гуравхан хоногийн өмнө түүнтэй уулзаж ярилцах үед ”100 насныхаа босгон дээр байна. Гурван жилийн дараа 100 нас хүрнэ. Төр түмний хишиг  өндөр шагнал авсандаа баярлаж байна. Монгол Улсдаа 89 жил завсаргүй зохиол бичлээ. Тийм учраас төр минь үнэлж энэ шагналыг өгсөн байх гэж бодож байна. Ард түмэндээ хэрэгтэй юм хийхийн тулд эцсийн хүч хөдөлмөр, авьяас билгээ дайчлах болно” хэмээн ярьсансан. Монголын зохиолчдын байгууллагаасаа 7 ах Бөхийн Бааст гуай МЗЭ-ийн 90 жилээ Хөдөлмөрийн баатар цолоор мялаасан, хамгийн ахмад зохиолч байлаа. 

Б.Бааст Монголын шинэ үеийн уран зохиолын “амьд архив” төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болсон, XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг. Түүнд  МЗЭ-ийн шагналыг /1966/ – “Намрын уянга”, “Дарьсүрэн” туужид нь, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ – “Хангайн бор” тэргүүтэй холбоо туужид нь, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/, Монгол Улсын Ардын Уран Зохиолч цол /2006/ тус тус хүртээсэн юм. Харин оны өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон билээ. Түүний хөдөлмөрч, цуцашгүй, нямбай, эрэлхийлэгч чанар Монголын уран зохиолд тод мөртэй үлдлээ. Гэр бүлийнхэн, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Холбоотой мэдээ