Гишүүний “мөнгө” гэсэн бохир тодотгол

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-01-18 16:42:26

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар 2018 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийг олон нийтэд танилцуулахдаа орлого 10 их наяд төгрөг давна гэж мэдэгдлээ. Монгол Улсын  2018 оны төсөв 9,7 их наяд төгрөгийн зарлагатай байна гэж 2017 онд батлагдсан юм. Зарлага нь төлөвлөсөн (7,3 их наяд) орлогосоо 2,4 их наяд төгрөгөөр илүү байсан хэрэг. Гэтэл өнгөрсөн онд улсын төсвийн  орлого зарлагаасаа давсан байна. Манай улсын төсөв 2010 оноос хойш зарлагаасаа давсан орлого олж байгаагүй гэнэ. Харамсалтай юм.  Нэг үгээр хэлбэл бид өнгөрсөн хугацаанд дунд зэрэглэлийн рестаронд 70 мянган төгрөгтэй орчихоод 100 мянган төгрөгийн хоол, элдэв ундаа авч хэрэглэчихээд өр тавьж байсантай ижилхэн явж иржээ. Зарлагаасаа давсан орлоготой улсын нэгдсэн төсөв гэдэг юу болох, бүтэц нь ямар байдаг талаар зарим нэг ойлголтыг авч үзэх нь зөв гэж үзлээ.


Улсын нэгдсэн төсөв нь   улсын, орон нутгийн,  нийгмийн даатгалын сангийн төсөв гэсэн хэд хэд салбарлана. Эдгээрээс УИХ-аас баталан, Засгийн газар бүрдүүлэн, зарцуулах төсвийг улсын төсөв гэж салган нэрлэж болох юм байна. Цаашлаад төсвийн орлого нь тогтворжуулалтын сангийн болон тэнцвэржүүлсэн орлогоос бүрдэх гэнэ. Төсвийн тэнцвэржүүлэлт  нь урсгал, хөрөнгийн, тусламжийн гэсэн орлогуудаас бүрдэж байх жишээтэй. Улсын төсвийн гол цөм болсон тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн онд урьдчилсан байдлаар 9,2 их наяд төгрөгт хүрч төлөвлөсөн (7,3 их наяд)-өөс  хоёр их наяд төгрөгөөр давжээ. Гэхдээ  одоогоор тогтворжилтын сангийн 207 тэрбум, ирээдүй өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй гэнэ.


Төсвийн тэнцвэржсэн орлогын 670 тэрбум нь уул уурхайгаас орсон байна. Харин 1,3 их наяд төгрөг буюу төсийн орлогын 70 орчим хувь нь бусад салбараас оржээ. Энэ нь сүүлийн 20 орчим жил үргэлжилсан төсийн орлогын өсөлт уул, уурхайн түүхий эд зэс, нүүрсний үнийн өсөлтөөс бүрддэг гэсэн  монголчуудын хэвшмэл ойлголтыг эвдсэн үйлдэл болжээ. Эдийн засгийн идэвхжил явсан нь энхүү өсөлтийн амин сүнс нь байсан гэнэ. "Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтоор 2018 (2017) онд 600 гаруй мянган иргэн 78 тэрбум төгрөг авсан, харин 2019 (2018) онд 808 мянга гаруй иргэн 120 тэрбум төгрөг авна. Энэ бол эдийн засагт идвэхжил явагдсныг харуулах жишээ" хэмээн Сангийн сайд талбарлажээ.Тэр үнэн биз. Түүнээс гадна улсын төсөвт дарамт болж байсан өндөр хүүтэй, богино хугацаатай арилжааны зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд шилжүүлж хэмнэлт гаргаж чадсан гэнэ. Улсын төсвийн зарлагыг энэ мэт олон хэлбэрээр хэмнэсэн, төсөвт тодотгол хийгээгүй. Төсөвт тодотгол хийгээгүй байх шийдэл нь салбар, сангуудыг анхнаасаа  тооцоо төлөвлөлтөө үнэн зөв хийхэд нөлөөлсөн гэж   Сангийн сайд нэмэлт тайлбар хийсэн байна. Хэмнэлт хийх нь хуримтлалтай болохын урьдчилсөн нөхцөл гэж үзэх явдал байдаг. Энэ өнцгөөс харвал эдийн засагт гарсан хэмнэлт, ирээдүйн хуримтлал бий болох суурь тавигдлаа гэсэн ойлголт олон нийтэд төрүүлэх нь ойлгомжтой.


Гэхдээ хэмнэх ёстой зүйлээ хэмнэх хэрэгтэй л дээ. Түүнээс өөр зүйлийг хэмнэвэл олон түмэнд хохиролтой. Хөрөнгө оруулалтаас 450 тэрбум төгрөг үлджээ. Энэ бол хэмнэлт биш. Ийм хэмжээний хөрөнгө улс ардын аж ахуйд орсон бол олон зүйлийг шийдвэрлэх байсан болов уу. Хөрөнгө орж чадаагүй нь сонгон шалгаруулалт оройтсон, маргаан гарсан, обьектийн газар  шийдэгдээгүй гэсэн шалтгаантай гэнэ. Төсвийн хөрөнгө оруулалт дээр гардаг эдгээр нийтлэг алдаа нь мэргэжлийн байгууллага (Сангийн яам)-ын боосон төсвийг УИХ-ын гишүүд (олонх мэргэжлийн бус) задалж хэлэлцэн баталдагтай  холбоотой гэж хэлж болно. УИХ-ын гишүүдийг  тойргоос сонгогдог  (жалга довны) тогтолцоо хүчтэй нөлөө үзүүлдэг.


Сонгогдсон гишүүд тойргийнхоо нутаг дэвсгэр дэх сум, дүүрэг баг, хороондоо эмнэлэг сургууль бариулах гэж зүтгэх нь мэргэжилтнүүдийн боосон төсвийг задлахад хүрэгдэг. УИХ-ын гишүүн хаанаас ч сонгогдсон ард түний элч. Гэтэл сонгогдсон, сонгосон хоёрын харилцаа уулзалтын хэлбэртэй байдаг. Мөн гишүүнд сонгогчид хүсэлт гаргадаг. Хоорондын ажил, үүргийн энэ харилцаа нь тэднийг тухайн тойргийн “ченж” болгон хувиргаж байна.


Уг нь тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн сонгогч таны амьдардаг нутаг дэвсгэрт эмнэлэг, сургууль барих үүрэггүй. Энэ ажлыг Засгийн газар хийх ёстой. Хаана хэзээ  эмнэлэг, сургууль барих хэрэгтэй болох талаар  судалгаа, тооцоо хийж байгаа хөрөнгөндөө захирагдан  ээлж (төлөвлөн) дараатайгаар  хийх ёстой. Үүнийг  хүн бүр мэддэг. Гэхдээ гишүүд ч мөнгөтэй хүний царай гаргадаг, сонгогчид ч тэднээс эмнэлэг, сургууль нэхдэг. Энэ нь харин даамжраад гишүүний “мөнгө” гэсэн бохир тодотголтой боллоо.Төсвийн хөрөнгө оруулалт ийм тодотголтой болох нь аливаа зүйл хэвийн хэмжээнээс хэтэрснийг харуулж байгаа хэрэг боллоо. 


Засгийн газрын өр 21 тэрбум төгрөг, энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 60,9 хувь (2018 оны эцсээр)-тай тэнцэх аж. Түүнийг цаашид 40 (олон улсад энэ түвшинд байхыг хэвийн гэж үздэг) хувь хүртэл буулгах зорилт тавьжээ.  

Холбоотой мэдээ