Махыг үйлдвэрийн аргаар боловсруулж зах зээлд нийлүүлэх ажлыг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-05 00:22:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн ерөнхий газар/МЭЕГ/-ын удирдлага, мэргэжилтнүүд Сүхбаатар аймгийн МАА-н салбарын эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалт, зөвлөлгөөн 02 дугаар сарын 02-ны өдөр аймгийн ЗДТГт зохион байгуулагдав.

Тус арга хэмжээнд МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, ХХААХҮЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, мөн яамны мал үржлийн бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн, мэргэжлтэн А.Түвшинбаяр, О.Ганзориг, аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар, ХХААГын дарга Э.Өлзийтогтох, сумдын малын эмч, малзүйч, МАА-н мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.

Зөвлөлгөөнөөр МАА эрхлэх арга барил, шинэ арга технологийг нэвтрүүлэх, нэг малаас авах ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм. Мөн ХХААХҮЯ болон МЭЕГ-ын төлөөллүүд МАА талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэр цаашд авах арга хэмжээ, мал үржлийн арга технологи, мал эмнэлгийн талаар авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

“Малыг эрүүлжүүлэх асуудлыг зөвлөлгөөний үеэр хамгийн их ярилаа. Сүхбаатар аймагт сүүлийн хэдэн жил дараалан малын гоц халдварт өвчин гарсан. Тиймээс цаашид үүнээс сэргийлэхийн тулд ХХААХҮЯ, МЭЕГ-ууд орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Ер нь орон нутагт тулж ажиллах нь чухал. Цаашлаад орон нутгийн эмч мэргэжллтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар МАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр голлон анхаарна. Мөн мал, мах борлуулах ажлыг хамтран зохион байгуулах, махыг үйлдвэрийн аргаар боловсруулах зах зээлд нийлүүлэх ажлыг өргөжүүлэхэд хамтран ажиллах чиглэлийг тодорхойллоо.” гэдгийг ХХААХҮЯ-ны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэлэв.

Харин аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох, малын ноц халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх ажлын талаар танилцуулахдаа, өнгөрсөн онд малын гоц халдварт өвчнөөс урьдчилсан тарилга үйлчилгээг 90-ээс дээш хувьтай хийж, аймгийн Засаг даргын нэрэмжит ариутгал халдваргүйжүүлэлтийн аяныг жилд хоёр удаа зарлаж ажиллалаа. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг орон нутгийн мал эмнэлэг үржлийн тасаг, хувийн хэвшлийн мал эмнэлэгүүд маш сайн зохион байгуулсны үр дүнд гоц халтварт өвчнийг 86,4 хувь, халдварт өвчнийг 48 хувиар буурууллаа. Лабораторийн шинжилгээний хамрагдалт, дээж материал авах ажлыг 70 хувь нэмэгдүүлсэн гэлээ.

 

Холбоотой мэдээ