Эрүүл мэндийн салбарт эерэг хандлага бүрдүүлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-14 16:14:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор өнөөдөр эхэллээ.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 онд тус салбарт хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулав. Тэрбээр илтгэлдээ, “Өнгөрсөн онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлж салбарын хэмжээнд  5 зорилт  дэвшүүлэн ажилласан. Ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлж сувилагчийн цалингийн хэмжээг 127-183 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдүүлж, цалингийн ангилал, зэрэглэлийг 1-2 шатлалаар ахиуллаа.

Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болж, 25 хүнд бөөр, 31 хүнд элэг, 7 хүнд ясны чөмөг, 15 хүнд нүдний эвэрлэг, 100 гаруй хүнд арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв. Улсын төсвийн санхүүжилтээр 163, бусад улсын Засгийн газрын санхүүжилтээр 90, нийт 253 эрүүл мэндийн ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодод сургалтад хамруулав.
Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчлэн  жор бичих эрх бүхий эмч, эмийн сан, даатгуулагч, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд цахим жорын тогтолцоог нэвтрүүллээ.

2018 онд үндэсний хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэж зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн, нийт  52363 хүнийг хамруулав.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэн 13.9 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулж нийт 413 553 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулан, 20 гаруй мянган хүн вирусын ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусын эсрэг  эмчилгээнд оруулсан зэргээр дээрх зорилтыг бүрэн хангаж ажиллалаа” хэмээн дурдав.


Мөн тэрбээр цаашдынхаа зорилтыг онцолж, 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллах болсныг зарлалаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ  эмнэлгиийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан-үйлчлүүлэгч-ар гэр”  гэсэн гурван талт харилцааг дээдэлж, бие биедээ хүндэтгэлтэй, халуун сэтгэлээр хандан ажиллахыг уриалав.
“Инээмсэглэл” гэдэг бол үнэ төлбөргүй атлаа асар ихийг бүтээх хүчийг агуулж, хүмүүсийн хооронд итгэлцэл, эрч хүч, урам зориг,  амжилт бүтээлийг бий болгож чаддаг.  Иймээс эрүүл мэндийн салбарын ажиллагсад бид өөр хоорондоо төдийгүй иргэд, үйлчлүүлэгчээ инээмсэглэн угтаж эерэг харилцаа хандлага бүрдүүлэх чиглэлд  эрс шинэчлэл хийж  ажиллана гэдэгт  итгэж байгаагаа илэрхийллээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар,  НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагын төлөөлөл 170 гаруй удирдах албан тушаалтан оролцож байна.

Холбоотой мэдээ