Орхон аймаг хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-18 13:52:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа явуулна. Үүнийг аймгийн Засаг даргын 2019 оны хоёрдугаар сарын нэгний өдрийн А/68 дугаар захирамжаар батлагдсан “Мэдээлэл цуглуулах дэд бүрэлдэхүүн” гүйцэтгэнэ.

Судалгааны дүнд Орхон аймаг хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлыг тогтоож түүний багтаамж, чадамж, ажлын байр болон ажиллах хүч, мэргэжлийн эрэлт, нийлүүлэлтийг бодитойгоор дүгнэх юм.

Судалгааг аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, стратеги боловсруулахад гарын авлага болгон ашиглахаас гадна цаашид ямар мэргэжлээр хүүхэд, залуучуудыг сургавал эрэлт, нийлүүлэлтийг хангах боломжтой вэ гэдэг тоон мэдээлэлтэй болох юм. Үүний тулд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Статистикийн хэлтэс, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, Хүнс хөдөө, аж ахуйн газар хамтран өөр, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэдээлэл цуглуулах ажээ. Ингэхдээ, 1392 аж ахуйн нэгжийн 10 хувь буюу 140 аж ахуйн нэгж, бүртгэлтэй 1399 ажилгүй иргэдийн 10 хувь буюу 140 иргэн, төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгжид ажиллаж байгаа 35817 даатгуулагчийн 2 хувь буюу 700 иргэнээс судалгаа авна. Мөн малчин 1228 өрхийн 120 өрхөөс, хувиараа газар тариалан эрхэлж байгаа 1094 өрхөөс 100 өрх, 2434 оюутны 240 оюутнаас дээрх судалгааг авах ажээ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэгч 464 иргэний 50, сайн дурын даатгалд хамрагдсан 6800 даатгуулагчаас 500 буюу нийт 140 аж ахуйн нэгж, 2000 гаруй иргэнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авахаар боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ