СУИС гэрэл зургийн ангитай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-24 11:07:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатарын Гэрэл зураг-Бүтээлч ажиллагааны лаборатори: Харилцан суралцах, хоорондоо холбогдох, санал бодлоо солилцох орон зай" төслийн хүрээнд Гёте-Институт Соёл, урлагийн их сургуультай хамтран мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах, гэрэл зургийн ангийг нээх зорилгоор СУИС-д орчин үеийн техникээр тоноглогдсон гэрэл зургийн лаборатори байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

СУИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Э.Сонинтогос Гёте-институтийн захирал Михаэль Хайнст нар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Гэрэл зургийн ангийг түшиглэн манай сургууль дээр гадаадын болон дотоодын багш, уран бүтээлч, мэргэжилтнүүд, оюутнууд болон гэрэл зурагчидтай уулзах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, харилцан холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлнэ. Мөн  "Бүтээлч ажиллагааны лаборатори" байгуулна. Ирэх хичээлийн жилээс мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх хөтөлбөрт элсэлт авч, орчин үеийн техникээр тоноглогдсон гэрэл зургийн лабораторид хичээллэх юм.

Холбоотой мэдээ