"Чингис хааны цагаан үүл" жүжгийг Башкир улсын тайзнаа тогложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-26 13:02:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингиз Айтматовын өгүүллэг, Елена Баранчиковагийн жүжгийн зохиолоор Мусалим Кульбаевын найруулсан “Чингис хааны цагаан үүл” жүжгийн нээлтийн тоглолт ОХУ-ын Башкирын Мажита Гафурын нэрэмжит Эрдмийн драмын театрын тайзнаа 2 дугаар сарын 21-ний өдөр болсон байна. 

Жүжгийн нээлтэд Башкирын Эрдмийн драмын театрын уран сайхны удирдагч Олег Ханов  “Манай театрын тайзнаа энэхүү жүжгийг тавьж буйд ач холбогдол өгч, төлөөллөө нээлтийн ёслолд оролцуулж, дэмжлэг үзүүлж буй Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэжээ. 

Хүч чадал, хайр дурлал, нөхөрлөл, чанд сахилга бат, дэг журмын тухай өгүүлсэн энэхүү жүжгийн Чингис хааны дүрийг ОХУ-ын Ардын жүжигчин Хурматулла Утяшев, Бөртэ хатны дүрийг ОХУ-ын Гавьяат жүжигчин Эльвира Юнусова бүтээжээ.

Жүжгийг нээх ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг урьсан бөгөөд түүнийг төлөөлж, тус яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцжээ. Тоглолтын дараа Ж.Баярхүү Башкирын Мажита Гафурын нэрэмжит Эрдмийн драмын театрын дарга И.И.Файзуллин, “Чингис хааны цагаан үүл” жүжгийн зохиолч Е.Баранчикова нартай уулзаж, түүнд Элчин сайдын хүргүүлсэн цэцгийн баглааг өргөн барьсан байна.

Холбоотой мэдээ