Энэ жил “Ариутгал-2016” арга хэмжээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 14:08:28

Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ жил “Ариутгал-2016” гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Малчид хороо бууцаа сайн ариутгаагүйгээс хөх ширх, цагаан хорхойтох зэрэг өвчлөлд мал их өртөж байгаа юм.

Мөн Хороо бууцаа ариутгаагүйн улмаас мал угаалга, паразит өвчний эсрэг тарилга зэрэг эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг байна. Энэ талаар Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга н.Мөнхчулуун “Малчид өвөлжөө бууцандаа орсны дараахан мал хорхойтлоо, ширхтлээ гэж манайд ханддаг. Энэ нь өвөлжөө бууцны ариутгалыг цогцоор нь хийгээгүйтэй холбоотой юм. Тиймээс бид энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнийхээ дагуу “Говийн Оюу хөгжлийн хөтөлбөр”-т төсөлд боловсруулан өгөөд байгаа” гэлээ. Энэ ажилд малчдыг идэвхтэй оролцохыг тэрээр уриалсан. Малчид хавар өвөлжөөнөөсөө гарахдаа шар бууцаа хамж цэвэрлэх, 7 дугаар сарын дундаас эхлэн хөрзөнгөө ховхолж гаргах ажлуудыг малчид өөрсдөө хийсэн байх шаардлагатай юм байна. Ингэсний дараагаар хороо бууцыг ариутгах ажил хийгдэх юм.

Даршрамд малчиддаа дуулгахад хөрзөнгөө гаргасан өвөлжөөндөө малаа оруулан угаалгах ажлыг хийх нь ариутгалд үр нөлөөтэй байдаг ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ