Улаанбаатар хотод шинээр барих төв цэвэрлэх байгууламжийн шав тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-02-28 17:18:43
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэн барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон бусад төлөөлөгчид оролцлоо. 


Нийслэл хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон бөгөөд хамгийн сүүлд 1986 онд шинэчлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар, уг байгууламж хоногт 230,000 куб метр ахуйн бохир усыг цэвэршүүлж байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250,000 куб метр усыг 3 үе шаттайгаар цэвэрлэж, халдваргүйжүүлэхээс гадна лагийг боловсруулан биохий гарган авах аргаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм. Цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэж, үйлдвэрийг бүхэлд нь хяналт удирдлагын ухаалаг скада системээр тоноглох аж. 


Шинэ Цэвэрлэх байгууламж Сонгинохайрхан дүүрэгт биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га буюу 61 хувийг төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламж эзэлнэ. Харин үлдсэн талбайд авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг шийдэх юм. Төслийг дотоодын болон БНХАУ-ын компаниуд хамтран 3 жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Нийслэл хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих асуудал 2001 оноос хойш яригдсан. Харин өнөөдөр Улаанбаатарт амьдарч буй 1,5 сая хүний ахуй амьдралтай шууд холбоотой цэвэрлэх байгууламжийг дэлхийн стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэллээ. Үүнтэй хослон ажиллах саарал усны үйлдвэр мөн баригдана. Ингэснээр ахуйн хэрэгцээний саарал усыг Монгол Улс анх удаа ашигладаг болно. Миний бие 2017 онд Ерөнхий сайд болоод төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгож байсан. Энэ ажил өнөөдөр биеллээ олж байгаад баяртай байна” хэмээв. 



Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: “Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гэрээний дагуу Монголын болон БНХАУ-ын компаниуд хамтран гүйцэтгэнэ. БНХАУ-ын хоёр компани өмнө нь цэвэрлэх байгууламж барьж байсан туршлагатай. Барилгын ажлын зарим бараа материалыг манай дотоодын үйлдвэрүүд нийлүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш манай ажилчид 6 сар сургалтад хамрагдаж, нэг жилийн дотор үйл ажиллагаа жигдэрнэ гэж тооцоолж байна” гэлээ. 


БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин: “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл ард иргэдийн амьдралын орчинг сайжруулах манай хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг юм. Хятадын тал Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ сайн сайхны төлөө бүтээн байгуулалт хийж буйг талархан дэмжиж байна. Манай компаниуд чанартай, дэвшилтэт технологийг ашиглан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж барих төслийг Хятад Монголын найрамдлын жишиг төсөл болгон хоёр орны найрсаг харилцаанд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.


Улаанбаатар хотод 225 үйлдвэр, аж ахуйн газар зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.8-4.1 дахин их химийн бохирдолтой усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлсээр байна. Энэ нь цэвэрлэх байгууламжийн төмөр бетон хийц, эд ангиудыг гэмтээж, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг бууруулдаг аж. Цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн ус заасан хэмжээнээс 5.9-12.4 дахин их бохирдолтой байгаа бөгөөд энэ нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голыг их хэмжээгээр бохирдуулах болжээ.

 

 

 

Холбоотой мэдээ