Анхдугаар Зая бандид нийслэлд "морилж" байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төвөдийн Лхаст 19 жил сууж 70 хасаг тэрэг ном судар бясалган Тавдугаар Далай ламаас "Зая бандид" цол хэргэм хүртэж алтан тамга, шар шанам малгайгаар соёрхон шагнуулж Монголдоо ирээд, сүсэгтэн олноо тойрон хүрээлүүлсэн Анхдугаар зая бандид Лувсанпэрэнлэйн түүхээр бүтээсэн "Зая гэгээнтэн" жүжиг нийслэлд "морилж" байна.
Монгол Улсын Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрынхан энэ оны анхны аялан тоглолтоо нийслэлээс эхэлж байгаа аж. Тус дуулалт жүжгийг тус театрынхан 2018 оны сүүлчээр тайзнаа амилуулсан юм.
Монголын бурхан шашны Гурван зулын нэгэн гэгдэх Анхдугаар Зая бандид Лувсанпэрэнлэйн намтар түүхээс сэдэвлэн бичсэн энэ жүжгийн эх зохиолыг МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Г.Жамц бичиж, дуулалт жүжгийн цомнолыг Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва зохиож, хөгжмийг Төрийн шагналт С.Соронзонболд бичсэн байна.
