Ким-Трамп: Тохиролцоонд хүрээгүй боловч уулзалт “үр дүнтэй” болсон нь

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-03-01 14:46:22

Өнгөрсөн хоёр хоногт Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон АНУ-БНАСАУ-ын удирдагчдын II дээд хэмжээний уулзалтын төгсгөлд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулсангүй, хамтарсан мэдэгдэл гаргасангүй, дараагийн уулзалтын товыг ч зарласангүй, өөрөөр хэлбэл хоёр тал тохиролцоонд хүрч чадсангүй. Энэ нь “Ханойн тунхаглал”-д гарын үсэг зурах ёслолыг үзэхээр хүлээж байсан дэлхийн олон нийтийг гайхшруулан гонсойлголоо. Хоёр орны удирдагчид үдийн зоог барьсныхаа дараа баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёстой байсан боловч талууд сүүлчийн мөчид эдгээр арга хэмжээг цуцалснаар Д.Трамп, Ким Жөн Ун нар уулзалт болж байсан “Sofitel Legend Metropole” зочид буудлыг албан ёсны хуваарьт тусгаснаас 2 цагийн өмнө яаравчлан орхиж одсон байна.


“Энэ удаагийн уулзалтаар ямар нэгэн тохиролцоонд хүрч чадсангүй. Гэсэн хэдий ч хоёр талын төлөөлөгчид цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаа” гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдлээ.


27, 28-ны өдрүүдэд Д.Трамп, Ким Жөн Ун нар ганцаарчилсан уулзалт хийсний дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй болсон хэлэлцээнд АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Цагаан ордны Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Малвэни, БНАСАУ-ын талаас Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны орлогч дарга Ким Ён Чол, Гадаад хэргийн сайд Ли Ён Хо нар оролцсон байна.  


Уулзалт хэлэлцээний эхний өдөр Ким Жөн Ун, Д.Трамп нар бие биедээ найрсаг сайхан үгс хэлцгээж, сэтгэл санааны хувьд тун өөдрөг хөгжүүн байсан нь уулзалт амжилттай болох нь гэсэн сэтгэгдлийг төрүүлж байв. Д.Трамп хэлэхдээ “БНАСАУ-ын хувьд эдийн засгийн асар их нөөц боломж бий” гэдгийг дурдаад, энэ боломжоо ашиглахад нь АНУ туслахад бэлэн гэж байлаа. Үүний хариуд Ким Жөн Ун “бүх хүмүүсийн хүсэн хүлээж буй тэрхүү гайхалтай үр дүнд хүрснээр уулзалт өндөрлөнө” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр нэгэн сэтгүүлчийн тавьсан асуултад хариулахдаа “хэрвээ би цөмийн зэвсгээсээ татгалзахад бэлэн биш байсан бол энд ирэхгүй байсан” гэсэн юм. Цагаан ордныхон ч гэсэн БНАСАУ-тай ерөнхий хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа нуухгүй байсан. Гэвч уулзалтын хоёр дахь өдрийн хэлэлцээ төлөвлөснөөс 2 цагийн өмнө дууссанаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй нь нэгэнт тодорхой болсон юм.  


Сануулан дурдахад, өнгөрсөн оны зун хоёр улсын удирдагчид анх удаагаа нүүр тулан уулзсан нь түүхэн үйл явдал байсан билээ. Гэсэн хэдий ч тэдний гаргасан хамтарсан мэдэгдлийн утга агуулга нь бүрхэгдүү байснаас гадна тус уулзалтаас хойш Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад тодорхой ахиц дэвшил гараагүй юм. Сингапурын Хамтарсан мэдэгдэлд, цөмийн зэвсгээсээ ангижрах алхмуудыг БНАСАУ хийсний хариуд АНУ-ын зүгээс Пхеньянд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх тухай дурдсан нь хамгийн чухал тохиролцоо байсан билээ. 


Харин энэ удаагийн Ханойн уулзалт “бүтэлгүйтсэн”-ний хамгийн гол шалтгаан нь Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлаар хоёр тал санал зөрөлдсөнтэй холбоотой гэдгийг Ерөнхийлөгч Д.Трамп хэвлэлийн хурлын үеэр онцлон дурдлаа. Түүний хэлснээр бол, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Ёнбэн дахь цөмийн байгууламжаа буулгахад бэлэн гэдгээ илэрхийлсэн боловч үүнийхээ хариуд Умард Солонгосын эсрэг авсан хоригоо АНУ бүхэлд нь цуцлах ёстой гэсэн болзол тавьсан аж. Ёнбэн дахь цөмийн реактор бол Умард Солонгосын хувьд цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай түлшийг гарган авдаг цорын ганц объект юм.  


Харин Трампын хэлсэн дээрх үгийг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо няцаагаад “хэлэлцээний явцад хоригийг бүхэлд нь бус харин хэсэгчлэн цуцлах тухай яригдсан, тодорхой хэлбэл, НҮБ-ын шугамаар авсан 11 хориг арга хэмжээнээс 5-ыг нь цуцлахыг манай тал хүссэн. Улсын эдийн засаг болон ард түмний аж амьдралд сөргөөр нөлөөлж буй хориг арга хэмжээнүүдийг цуцлах хүсэлтийг бид тавьсан” гэжээ. “Бидний зарчим хувиршгүй бөгөөд АНУ ирээдүйд хэлэлцээ хийхийг санал болгосон тохиолдолд ч манай улсын байр суурь өөрчлөгдөхгүй” хэмээн Умард Солонгосын сайд мэдэгдсэнийг ВВС агентлаг уламжилсан байна. Сайдын хэлснээр бол, Америкийн тал Ёнбэн дахь байгууламжийг хаахыг шаардсанаас гадна дахиад өөр болзол тавьсан аж. Өнөө өглөө Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагаас /KCNA/ Ханойн уулзалтын талаар гаргасан мэдээлэлд “уулзалт бүтэлгүй болсон, хамтарсан мэдэгдэл гаргаагүй, гэрээ хэлэлцээр байгуулаагүй” тухай ганц ч үг дурдаагүй байна. “Энэ удаагийн уулзалт нь дайсагнал, үл итгэлцлийг даван туулахад маш чухал үйл явдал болсон бөгөөд талууд Солонгос-Америкийн харилцаанд шинэ эрин үеийг нээх талаар санал бодлоо бүтээлчээр солилцлоо. Ханойд болсон уулзалт нь хоёр орны удирдагчдын хооронд бий болсон харилцан итгэлцлийн харилцааг улам бэхжүүлэх боломжийг олголоо” гэж тус агентлагийн мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.


Хөршүүдийн хандлага


Ханойн уулзалт дууссан даруйд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан мэдэгдэхдээ “АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээр байгуулаагүй хэдий ч талууд цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх нь тийм ч амар биш. Санал зөрөлдөөнөө арилгахын төлөө ажиллаж, хэлэлцээний замаар шийдэлд хүрэх үйл явцыг үргэлжлүүлэхийг талуудад уриалж байна” гэжээ.


“Хоёр орны удирдагчдын уулзалтын төгсгөлд хэлэлцээр байгуулна хэмээн дэлхий дахинаараа, бид ч бас тэсч ядан хүлээж байсан” гэж БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. Ким-Трампын уулзалт товлосон цагаасаа эрт өндөрлөсөн тухай мэдээлэл цацагдсан даруйд Өмнөд Солонгост зарим хувьцаануудын ханш унажээ.


Японы “NHK” сувгаар мэдээлснээр, Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт амжилтгүй болсны дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Гадаад хэргийн яамны удирдлагыг дуудан уулзаж, шуурхай зөвлөгөөн хийсэн байна. Тохиролцоонд хүрч чадаагүй нь ямар шалтгаантай вэ гэдэг талаарх бүх мэдээллийг нэн даруй цуглуулахыг Ш.Абэ Гадаад хэргийн яаманд үүрэг болгожээ.


Муухан гэрээ байгуулснаас огт байгуулаагүй нь дээр


АНУ-ын дотоодод улс төрийн байдал ээдрээтэй байгаа энэ үед Ерөнхийлөгч Д.Трамп Умард Солонгосын талд буулт хийж, хоригийг сулруулах аваас Конгресс дахь БНН болон АН-ынхан болон хэвлэлийнхний шүүмжлэлийн “хайчин гал”-д өртөх ба ингэснээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр хүнд нь унаж магадгүй байлаа. Ер нь бол, хоригийг бүрмөсөн цуцална гэсэн итгэл найдвар анхнаасаа байгаагүй бөгөөд хоёр Солонгос хоорондын төсөл, хүмүүнлэгийн төсөл зэргийг л хоригоос гаргах болов уу гэж шинжээчид таамаглаж байсан юм.


Түүнээс гадна, Трамп Ханойд чухал хэлэлцээ хийж байх яг тэр үед түүний өмгөөлөгч асан Майкл Коэн Конгресст мэдүүлэг өгөхдөө “Трамп бол арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэн, луйварчин, адгийн новш” гэж ярьжээ. Коэний ярьсан зүйлийг АН-ынхан өлгөн авч, Трампын импичментийн асуудлыг Сенатад сөхөн тавьж магадгүй нөхцөл байдал үүссэн нь Трампыг эмзэг байдалд оруулж, Ханойн уулзалтын үеэр түүний сэтгэл санааг хямраасан байх талтай. Иймээс заавал хэлэлцээр байгуулахгүйгээр уулзалтыг дуусгаж, түр амсхийх шийдвэр гаргасан болов уу.


Трампын шийдвэрийг БНН ба АН-аас Сенатад сонгогдсон ихэнх гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлээд “муухан гэрээ байгуулснаас огт байгуулаагүй нь дээр” гэсэн санааг илэрхийлж байна. Тухайлбал, Дакота муж улсаас сонгогдсон БНН-ын гишүүн Майк Раундс хэлэхдээ “хэлэлцээ хийх урлагийн нэг хэсэг бол хэлэлцээнээс хэзээ гарах вэ гэдгээ мэдэж байх явдал мөн” гэжээ. Харин Иллинойс мужаас сонгогдсон Сенатын гишүүн Дик Дурбин Америкийн дипломатчдад шүүмжлэлтэй хандаж “яг таг биш юм аа гэхэд уулзалт хэрхэн төгсөхийг тодорхой магадлалтайгаар таамаглахын тулд бэлтгэл ажлыг хийдэг. Гэтэл үүнийг хийгээгүй бололтой” гэсэн байна.   


Яриа хэлэлцээ цаашид үргэлжилнэ


Ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй боловч Ханойн уулзалт үр дүнтэй болсон бөгөөд хоёр тал цаашдаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар тохиролцож чадна гэж найдаж байгаагаа Д.Трамп илэрхийлсэн боловч 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хэзээ болох талаар тодорхой зүйл хэлсэнгүй. Үүний сацуу тэрбээр Умард Солонгосын тал цөмийн болон баллистик пуужингийн туршилтаа сэргээхгүй гэж амласныг сайшаасан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлэхдээ “хоёр тал яриа хэлэлцээгээ ойрын үед дахин сэргээнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Ким, Трамп нар хоёрдахь удаагаа уулзсан гэдэг нь чухал үйл явдал бөгөөд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах гэх мэт ёслол нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой арга хэмжээ аж. Гэхдээ уулзалт амжилттай болно гэсэн хүлээлт асар их байсантай харьцуулахад түүний үр дүн нь хэт даруухан байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.  


Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ