Эмэгтэйчүүдийн зөвлөл бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-07 10:02:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Дорноговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, ЗДТГ-тай хамтран “Дорнын говийн бүсгүйчүүд” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, тэдний ажил хөдөлмөрийг дэмжих зорилготой зөвлөгөөнд тус аймгийн 14 сумын 300 гаруй эмэгтэй оролцов. Дорноговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн баталж Зөвлөлийн даргаар Б.Сэмжидтуяаг сонгосон байна.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцож үг хэлсэн. “Боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүх салбар хийгээд улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд оруулсан эмэгтэйчүүдийн гавьяа хувь нэмэр их юм. Орон нутгаас энэ оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд зорилтод жилийн хүрээнд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн зорилтыг тусгаж, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулан ажиллахаар бодлого зорилтоо чиглүүлж байгаа" гэж Засаг дарга Т.Энхтүвшин онцлов.

Харин Эмэгтэйчүүдийн зөвлөл үйл ажиллагаандаа эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулж шинэлэг байдлыг эрхэмлэхийн сацуу хөдөлмөр хамгааллыг сайжруулах, тэгш эрхийг буй болгох, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг олон ажлыг хийхээр  төлөвлөжээ. 

Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж бусдыгаа манлайлсан бүсгүйчүүдэд шагнал гардуулав.

Холбоотой мэдээ