Энэ өдөр сая гаруй эмэгтэй жагсаж байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх олон улсын
өдөр юм.
Анх 1857 оны энэ өдөр
Нью-Йорк хотноо оёдол, гутлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд ажлын цагийг
багасгах, гэрэл гэгээтэй цэмцгэр тохилог ажлын байрыг бүрдүүлэх, эрэгтэйчүүдтэй
адил хөдөлмөрийн хөлс авахыг шаардан жагсаж байв. Тухайн үед эмэгтэйчүүд өдөрт 16
цаг хөлсгүй шахам ажиллаж байхад, эрчүүд 10 цагаар ажиллаж байжээ. Мөн энэ өдөр
Америкийн олон хотод сонгох, сонгогдох эрх эдлүүлэхийг шаардсан, олон зуун
эмэгтэйн сүрт жагсаал болж байжээ.
1910 онд хуралдсан Олон улсын социалист эмэгтэйчүүдийн Их хурлаар төлөөлөгч Клара Цеткина жагсаал болсон энэ өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр болгох санал дэвшүүлж байв. Улмаар 1911 онд Австри, Дани, Герман, Швейцарь зэрэг оронд гуравдугаар сарын 19-нд энэ баярыг анх удаа тэмдэглэж, сая гаруй хүн жагсаал цуглаанд оролцож байв. Харин Орос улсад 1913 онд Петрбург хотод энэ өдрийг анх удаа тэмдэглэжээ. Ингэхдээ талх борлуулдаг биржийн байранд 1500 гаруй хүн цуглаж, эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх чөлөө, төрсөн эхчүүдэд халамж үзүүлэх, амьдралын өртөг өндөр байгааг хэлэлцсэн байна.
1914 онд Европын олон оронд энэ өдрийг дөхүүлэн
эмэгтэйчүүд дайныг эсэргүүцэн жагсаж байсан юм. Улмаар 1917 оны хоёрдугаар
сарын сүүлийн 7 хоногт Оросын эмэгтэйчүүд “Энхтайван, талхны төлөө” гэсэн уриа
лоозон барин гудамжинд жагсжээ. Хоёрдугаар сарын 23-нд II Николай хаан ширээнээсээ татгалзахад Түр засгийн газар
эмэгтэйчүүдийн сонгох эрхийг баталгаажуулж байв. Тухайн үед Орос улсад мөрдөж
байсан цаг тооны Юлианы тооллоор хоёрдугаар сарын 23-ны энэ түүхт өдөр нь
Георгийн тооллоор гуравдугаар сарын 8 байжээ.
1977 онд НҮБ энэ баярыг
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон
тэмдэглэж байх тогтоол гаргасан байна.