Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас орон нутгийн хөгжилд зориулж хоёр тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-12 16:15:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Өнгөрсөн онд хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин экологи, хүн амын эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтцийн чиглэлээр 20 орчим ажил хэрэгжүүлж 2.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Талууд дээрх төлөвлөгөөг 92.5 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ.

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны “Бизнес төлөвлөгөө”-нд дээрх хамтын ажиллагаанд зориулж хоёр тэрбум гаруй төгрөг баталсан. Уг хөрөнгөөр “Эрдэнэт” сувиллын цогцолборын төлбөртэй үйлчилгээг Орхон аймгийн иргэдэд 10-15 хувийн хөнгөлөлт үзүүлэх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хэрэгцээтэй стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр Технологийн сургууль, "Эрдэнэт ШУТП"  ОНӨААТҮГ–тай хамтарч ажиллах, байгалийн гэнэтийн үзэгдэл, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд хамтрах чиглэлээр тусчээ.  

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүдээс хамтын ажиллагааны төлөвлөгөөг “Эрдэнэт хотын хөгжлийн бодлогын баримт бичиг”-үүд болон үйлдвэрийн хаалт, хөгжлийн менежментийн бодлогод нийцүүлэх талаар санал гарсан юм. Мөн цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдээс 3700-г нь эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хотын агаарын бохирдлыг бууруулах, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт зэрэг цөөн тооны том ажлуудыг хийх хэрэгтэй гэсэн санал гарлаа. Дээрх саналуудыг тусгаснаар төлөвлөгөөг албан ёсоор батлах юм.

Аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний хүрээнд  хоёр талаас томилогдсон ажлын хэсэг жил бүр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хамтран боловсруулан хэрэгжүүлдэг  юм. Өмнөх  жилүүдэд  хамтын ажиллагааны хүрээнд  жилд дунджаар  700-800 сая төгрөг зарцуулдаг байсан бол сүүлийн хоёр жилд дээрх хөрөнгийн хэмжээ хоёр тэрбум төгрөг болж нэмэгдээд байна.

 

Холбоотой мэдээ