Их Британи супер хурдан компьютер бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-03-14 15:13:28

ЛОНДОН. /Xinhua/. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотланд улсын Эдинбургийн их сургуульд нэг секундэд 10 мянган их наяд тооцоолол хийх чадалтай супер компьютер бүтээх 104 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна.


Их Британийн Сангийн сайд Филип Хаммондын мэдэгдсэнээр, энэ салбарт олон сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх нь манай улс Европын Холбооноос гарсан ч дэлхийн тэргүүлэгч орны байр сууриа хадгалахад ач холбогдолтой ажээ.


Шинээр бүтээх компьютер нь Их Британийн компьютерын одоогийн хүчин чадлаас 5 дахин хурдан бөгөөд энгийн компьютероос олон мянга дахин хүчтэй байх гэнэ.


Энэхүү бүтээл нь анагаах ухаан, уур амьсгал, сансар судлалын салбарт нээлт хийх, ХДХВ-ийн халдварын эмчилгээг нээх зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулах ажээ.


“Их Британийн судалгаа, технологийн салбар нь эдийн засагт 48 тэрбум ам.долларын хөрөнгө оруулдаг ба 231 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг” гэж Ф.Хаммонд хэлсэн байна.

Холбоотой мэдээ