Улсын хэмжээнд 600 мянга гаруй төл бойжиж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-03-15 19:28:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас өнөөдөр мал аж ахуйн салбарын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. 

Улсын онцгой комиссоос байгуулсан шуурхай бүлэг 21 аймагт ажиллаж, хаваржилтын байдалтай газар дээр нь танилцсан байна. Шуурхай бүлэг орон нутагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй олгох 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг эздэд нь хүртээмжтэй хүргэхэд хяналт тавих, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах талаар холбогдох албаныханд үүрэг болгожээ.  

Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн хойд, Баянхонгор аймгийн зүүн, Өвөрхангай аймгийн өмнөд, Өмнөговь аймгийн баруун, Дорнод аймгийн төв хэсгээр 1-20 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 20 см, Хяргас суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Малчин суманд 13 см, Завхан аймгийн Яруу, Баянхайрхан суманд 13 см, Завхан аймгийн Улиастай, Тэс суманд 12 см, Хөвсгөл аймгийн Хатгал, Увс аймгийн Улаангом суманд 10 см байна.


Одоогийн байдлаар төллөх малын 2.2 хувь буюу 683 мянган мал төллөж, 661.2 мянган төл бойжиж байна. Оны эхний байдлаар, нийт малын 0.3 хувь буюу 213.1 мянган толгой мал хорогдоод байна. 


Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээнээс харахад, энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 хэм хүйтэн, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэхээр байгаа аж.

 

Холбоотой мэдээ