Сумын Засаг дарга нар экологийн хохирол төлүүлэх талаар ажил хийхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-03-21 14:34:32

Булган /МОНЦАМЭ/ БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр байгаль орчинд учруулсан экологийн хохирлыг нөхөн төлүүлэх талаар сумын Засаг дарга нар ямар ч ажил хийхгүй байна гэж Булган аймагт ажиллахдаа онцоллоо.

          Тус аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр сумын нутгийн Зэд, Хантай, Бүтээлийн нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хоёр жилийн өмнө гарсан түймрийн эзэн холбогдогч тогтоогдоогүй замхарсан байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 586 мянган га талбай шатааж, 39,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 77 удаагийн түймрийн 41,5 хувийн эзэн холбогдогчийг тогтоожээ.

Түймэр тавьсан эзэн холбогдогчийг тогтоосон тохиолдолд сумын Засаг дарга нар нэхэмжлэл гаргаж, хөөцөлдвөл экологийн хохирлыг барагдуулах боломж байгаа гэж дэд сайд үзэж байна.

БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн ойн сан бүхий зарим суманд ажиллаж, хуурайшилтын түвшин их өндөр байгаа энэ жил гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлыг шалгах, зөвлөн туслах арга хэмжээ авчээ. Түймрийн эрсдэлийг бууруулахад ОБГ, мэргэжлийн ангиудыг байнгын бэлэн байдалд байлгах, сум орон нутагт бүлэг байгуулах, пост ажиллуулах, сум дундын ойн анги, ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, харуулд гаргах үүрэг чиглэл өгсөн байна. Булган аймгийн хувьд гамшиг ослын үед ажиллах бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал орон нутаг, анхан шатанд сул байгааг ажлын хэсэг анхаарууллаа.

Холбоотой мэдээ