"Зүрхэнд ирсэн аялгуу" шинэ ном туурвижээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 11:00:37

Сэрээтэрийн Юмчинлхам нь  2003 онд “Тэрхийн цагаан нуур” яруу найргийн анхны  уран бүтээлээ туурвижээ. Тэрбээр Архангай аймгийн  Хангай сумын уугуул юм. Анхны номноосоо хойш 2008 онд “Азийн Монгол” шүлгийн цоморлиг,  энэ онд “Зүрхэнд ирсэн аялгуу” хэмээх номоо тус тус уншигч олондоо өргөн барьжээ.

1992 оноос  дууны шүлгээр  уран бүтээлээ баяжуулж, улмаар  Төмөр замын дуу бүжгийн чуулгад  тайлан тоглолтоо хийсэн байна. Түүний хичээнгүй  зүтгэл, бүтээлийг нь  үнэлж, 2015 онд  Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

Тэрбээр энэхүү шагналдаа  урамшин  эх орон, нутаг ус, ээж аавын тухай шүлгээ бичсээр явна. 1949 онд төрсөн тэрбээр 1959 онд Тариат сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд 1968-1972 онд Улаанбаатар хотноо Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж эх баригч бага эмчийн мэргэжил эзэмшжээ. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалж  мэргэжлээрээ ажилласаар тэтгэвэрт гарсан ч уран бүтээлээ туурвисаар байна. Дуу шүлэг бичихын хажуугаар бас дуулж, бүжиглэдэг ч байжээ. 2014 онд СБАЖЯ-наас “Монгол Улсын Ардын авьяастан" шагналыг ч хүртсэн байна. Авьяаслаг энэ бүсгүйн “Зүрхэнд ирсэн алягуу” номын нь өмнөтгөлд ангийнх нь сурагч, дотны найз Чойжоогийн Лхамсүрэн нь сэтгэлийн үгээ бичин номонд баяр хүргэсэн байна. Түүний аав Сэрээтэр нь нутагтаа “Алтан гарт бариач” нэртэй хүн байсан юм. Мөн Халх голын дайнд ч оролцон гавьяа байгуулсан тул “Бид ялав” медаль,  Алтан гадас одонгоор энгэрээ мялаан нутаг усандаа ирж байсныг  нутаг нугаараа мэддэг, хүндэтгэн  хайрлагдсаар, олон түмэндээ бариа барьж тусалсаар өндөр насалсан буянтны нэг байлаа. С.Юмчинлхам аавдаа зориулан “Цэрэг эрс” шүлэг, аавынхаа хурдан борлог моринд зориулсан шүлгээ ч шинэ номондоо оруулсан байна.

Э.Бат-Уянга

Холбоотой мэдээ