Д.Оюунхорол: ХСҮТ-ийн байрны асуудлыг шийдвэрлэх ёстой

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-04-04 19:22:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа нар Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн ажилтай танилцав.

Тэд эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ эмч нарын санал бодлыг нь сонслоо. Тус эмнэлгийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хорт хавдрын өвчлөл, нас баралт, эмчилгээ, мэс засал, тусламж үйлчилгээ, үзлэг, оношилгоо, шинжилгээний өнөөгийн байдлын талаар тоо баримт бүхий мэдээлэл танилцуулав.

Элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар Азийн орнууд, дэлхийн дундажтай харьцуулахад манай улс тэргүүлж байгаа төдийгүй хорт хавдартай гэсэн онош сонссон хүмүүсийн 65 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг бол дэлхийн дундаж эсрэгээрээ 60  гаруй хувь нь гурав буюу түүнээс дээш жил байна. Манайд хожуу  шатандаа оношлогддог учир ийм ялгаа гардаг. Ойрын 20-30 жилд Монгол Улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоололтой. ДЭМБ ч гурван эрэгтэй тутмын нэг нь, таван эмэгтэй тутмын нэг нь хорт хавдраар өвдөнө гэдэг таамаглал дэвшүүлсэн. Тиймээс урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн мэдээлэл түгээж, ард иргэдийг энэ талын боловсрол мэдлэгтэй болгох шаардлагатай гэдгийг дурдав.

Тус эмнэлэг Мэс заслын таван тасагтай ч дундаа мэс заслын дөрвөн өрөөтэй. Өрөөнүүдээ дээд хүчин чадлаараа ашигладаг ч мэс засал хийлгэх хүмүүсийг долоогоос сар орчим хоногоор хүлээлгэж байгаа аж.

Тэрбээр мэс засал хийлгэсэн хүмүүсийн хагалгаа амжилттай болж, эмчилгээ авч байгаа тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдэж 2018 онд 98 хувьд хүрсэн. 2007 онд 1150 хүнд мэс засал хийсэн бол энэ тоо 2018 онд 2859 болж өсжээ. Урьдчилсан таамаглалаар 2023 онд 3159 мэс засал хийнэ гэж тооцвол мэс заслын өрөөний хүлээгдэл цаашид улам нэмэгдэхийг онцлоод тус эмнэлгийн хамт олон байгаа төсвөө хэрхэн олон хүнд хүргэх вэ гэдэгт бүх анхаарал, боломж нөөцөө дайчлан ажиллаж буйг хэллээ.

Эмч нар хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхэд байрны хүрэлцээгүй, дутмаг байдал гол бэрхшээл үүсгэж, мэс заслын хүлээгдэл буурахгүй байх үндсэн шалтгаан болж байгаа төдийгүй мэс  заслын хэт ачаалал нь халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл үүсгэж буйг анхааралдаа авч ажиллахыг хүслээ. Мөн улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтай цөмийн энерги ашигладаг цорын ганц эмнэлэг, объект болох тус төв эмнэлэг тойруулаад хувийн хэвшлийн байгууллагуудын барилга байшинд хашигдаж, баруун талаасаа ганцхан орц, гарцтай болсон нь хүнд өвчтэй хүмүүсийг чирэгдүүлэх төдийгүй болзошгүй гамшиг аюулаас сэргийлэх, яаралтай тусламж авах бүхий л боломжийг хаасныг хэлж байлаа.

Эмч, ажилтнуудын үгийг сонссоны дараа УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: ХСҮТ-ийн үйл ажиллагаа, газар авсан хорт хавдар өвчинтэй тэмцэх чиглэлээр Монголын төр засаг ямар шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлдэг талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Хариуг энэ сарын 5-нд хаврын ээлжит чуулган эхэлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, төр  засаг ямар бодлого хэрэгжүүлж, ямар үүрэг хүлээн ажиллах шаардлагатай байна, тэр түвшинд ажиллахыг шаардана. Байнгын хороон дээрээ энэ талаар хөндөж ярина. Шаардлагатай бол УИХ-ын нэгдсэн чуулганаас тогтоол гаргаж, Засгийн газарт саналаа хүргүүлнэ. Эмнэлгийн барилга байшингийн багтаамжгүй байдал эмчилгээ, үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байгааг эмч та бүхэн төдийгүй эмнэлгээр үйлчлүүлж буй иргэн бүр хэлдэг. Үхэлтэй өрсөлдөж байгаа хүмүүст 20 хоног хүлээнэ гэдэг маш урт хугацаа. Тиймээс байрны асуудлыг шийдвэрлэх гэх зэрэг олон чухал шийдвэрийг Монголын төр монголын ард түмний төлөө гаргах ёстой, энэ чиглэлээр эцсийн үр дүнг үзэх хүртлээ хамтран ажиллана.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Зөвхөн нэг тасгийн мэс заслын хүлээгдэл дөрвөн долоо хоног байгаагаас харахад л эмнэлгийн байрны асуудалд төр засаг зайлшгүй анхаарахаас өөр аргагүй болсон байна. Байрны асуудлыг Байнгын хорооноос салбарын яам, Засгийн газартайгаа хамтраад шийдвэрлэх найдвар бий гэж харж байгаа. УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд энэ асуудлаар дуу хоолой болж ажиллана.  

 

Уулзалт, ярилцлагын үеэр эмч нар болон УИХ-ын гишүүд эмнэлэг ачааллаа дийлж ажиллан, хүлээгдэл чирэгдлээ бууруулахын тулд 1982 онд ЗХУ-ын тусламжаар ашиглалтад орсон одоогийн байраа шинэчлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уулзалтын төгсгөлд дагалдан ажилласан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнд энэ долоо хоногтоо багтаан ХСҮТ эмнэлгийн урд талд хувийн хэвшлийн барьж буй хавдрын эмнэлгийн зориулалттай 13 давхар барилгыг улсад авах асуудлын талаар ажлын хэсгийн ахлагчийн хувьд Байнгын хороонд танилцуулж, цаашид яаралтай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах үүрэг, чиглэл өглөө.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ХСҮТ-ийн урд талд барьж буй эмнэлгийн зориулалттай 13 давхар барилгыг улсад авах ажлыг судлах ажлын хэсгийн ахлагчийн хувьд товч мэдээлэл хийсэн. Тэрбээр, Мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаад, концессын гэрээгээр улсад авах боломжтой гэсэн санал урьдчилсан байдлаар гарч байгаа талаар мэдээлэл өгөв.  

ХСҮТ эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан энэхүү ажлын төгсгөлд Байнгын хорооны дарга, гишүүд эмнэлгийн тасгуудаар явж, эмчилгээ үйлчилгээний нөхцөл байдлыг харсны зэрэгцээ тус эмнэлгийн урд талд барьж буй 13 давхар эмнэлгийн зориулалттай барилгыг үзэж танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ