БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-11 11:06:19

ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Вашингтон хотноо хүрэлцэн очжээ. Талууд БНАСАУ-ийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай АНУ-БНАСАУ-ын хэлэлцээг үргэлжлүүлэх арга замын талаар хэлэлцэнэ.


Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болсон билээ. Энэхүү уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш АНУ-БНАСАУ-ын хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.


Д.Трамп Ким Жөн Унтай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг БНСУ-ын Ерөнхийлөгчөөс хүссэн билээ. Хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн хугацаанд гурван удаа хоёр талын уулзалт хийсэн бөгөөд дөрөв дэх удаагаа уулзахыг эрмэлзэж байна.


“БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-БНАСАУ-ын хэлэлцээний талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон зэрэг тус улсын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсаны дараа Мүн-Трамп нарын дээд хэмжээний уулзалт болно” гэж Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Ерөнхийлөгч Мүн Жэ Иний АНУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, энх тайвныг цогцлоох арга замыг эрэлхийлэх боломж болно хэмээн найдаж байгаагаа БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын төлөөлөгч илэрхийлсэн байна.


БНСУ-АНУ-ын удирдагчид ганцаарчлан уулзах гэж буй анхны тохиолдол энэ бөгөөд Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн албыг 2017 оны тавдугаар сард хашиж эхэлснээс хойш тэд зургаан удаа уулзсан юм.


Төрийн тэргүүн нарыг ганцаарчлан уулзсаны дараа хоёр талын өндөр түвшний төлөөлөгчид тэдэнтэй нэгдэж, цөөн хүний бүрэлдэхүүнтэй уулзалтыг зохион байгуулах ба үүний дараа төлөөлөгчид Цагаан ордонд оройн зоог барих ажээ. 


БНСУ-ын Ерөнхийлөгч пүрэв гарагийн орой нутаг буцна. 

Холбоотой мэдээ