Монголын шилдэг нийтлэлийн 91 дэх боть “Эсээний галерей” номын нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-17 11:11:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Монголын шилдэг нийтлэл” 99 боть цувралын 91-р ботийн нээлт Дархан хотод өнөөдөр боллоо. “Эсээний галерей” нэртэй энэхүү боть нь Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэнгийн шилмэл нийтлэлүүдээс бүрдсэн аж.

“Эсээний галерей” боть нь уран зургийн эсээ, хөрөг таталбар, гэрэл зураг, нийтлэл тэмдэглэл, зураасан зураг гэсэн зургаан бүлэгтэй ажээ. Эдгээр бүлэг бүр нь  боловсрол, соёл, урлаг, сэтгүүлзүй, өнгөрсөн, одоог илтгэх гэрэл зураг, хөрөг нийтлэл,  зэрэг олон бүтээл орсоны 80 гаруй хувь нь Дархан хотод ажиллаж амьдарч буй алдартнуудын тухай өгүүлэх талаар МУСГЗ, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн онцолж байлаа.

Түүнчлэн уран зургийг харж ойлгож, сэтгэлийн таашаал авахаас гадна тухайн зургийг уншиж, сонсч болдог гэдгийг харуулах зорилгоор сүүлийн жилүүдэд сэтгүүлзүйн шинэ бичлэгийн төрлийг хөгжүүлж байгаад номын редакцийн зөвлөл сайшаан ийнхүү хэвлүүлэх болсон тухай нээлтийн үеэр зохиогч дурсав.

Тус боть нь редакцийн нэгдсэн зөвлөлтэй. Зөвлөлийн ерөнхий редактораар доктор Т.Баасансүрэн, гишүүдээр доктор Л.Норовсүрэн, М.Зулькафиль, Б.Пүрэвдаш зэрэг 8 хүний бүрэлдэхүүнтэй төдийгүй зөвлөхүүдээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, АУЗ, МУСГЗ, доктор, профессор Л.Түдэв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, МУСГЗ Б.Лигдэн нар ажилладаг ажээ.

Их хүмүүн шинэ цагийн сэтгүүлзүйг үндэслэгч Жамсрангийн Цэвээнээр эхэлж, уран зургийн сэтгүүлзүйн шинэ бичлэгийг бий болгосон Өвгөнхүүгийн Рагчаасүрэнгээр үргэлжилж буй шилдэг нийтлэлийн 91 дэх ботийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев, нийтлэлийн баатрууд, МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн хамт олон оролцлоо.

Сор бүтээлүүд цөөн байх тусмаа уншигчдын сэтгэлийг догдлуулж, эрэл хайгуул, хүсэл тэмүүллийг бадраах нь хожим үгийн гайхамшгаас таашаал авах мэдрэмжийг төрүүлдэг хэмээн нээлтэд оролцсон эрдэмтэн мэргэдүүд онцолж байлаа.

Дашрамд, МУСГЗ, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн нь анх 2012 онд шилдэг уран зургийг илэрхийлсэн “Пикассо ирлээ”,  2015 онд алдарт БИТЛЗ хамтлагийн тухай, дууны мэдрэмжийг өгүүлэх “Өчигдрийг хайрла”,  2019 оны 3-р сар буюу нэг сарын өмнө уншигчдын хүртээл болсон “Ураг зураг-Эсээний галерей” номоо хэвлүүлж байсан бол урин хаврын билэгт энэ өдөр Монголын шилдэг нийтлэлийн 91 дэх боть “Эсээний галерей” номоо өлгийдөн авч номын хуримаа дарханчуудтай хамт хийв.

Холбоотой мэдээ