Денвер хоттой хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-04-17 16:49:26

Дорноговь /МОНЦАМЭ/. АНУ-ын Денвер хотын Денверийн Амьтан судлалын сангийн дарга Грейм Паттерсоны урилгаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга болон мэргэжилтнүүдийн хамт АНУ-ын Денвер хотод зочилжээ.

Учир нь Их нартын байгалийн нөөц газарт манай улсын Шинжлэх Ухааны Академи, Америкийн Денвер хотын Амьтан судлалын сан хамтран 2001 оноос урт хугацааны судалгааны  төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, хүний зүй бус үйлдлээс байгаль, ан амьтны унаган төрхийг хамгаалахын тулд  Их нартад гадаад дотоодын байгууллагын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буй бөгөөд орон нутгаас  таван  хүний бүрэлдэхүүнтэй Хамгаалалтын захиргааг 2013 оноос эхлэн байгуулж төсвийг жил бүр шийдвэрлэж иржээ.

Хамгийн сүүлд Их нартын байгалийн нөөц газрын үйл ажиллагааг орон нутгаас дэмжиж хамгаалалтын захиргаанд 2019 онд 43.0 сая төгрөгийг баталсан.

Талууд АНУ-ын Денверийн Зоологийн сангаас хэрэгжүүлж буй урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Монгол Улсад сурталчлан таниулах, жишиг төсөл болгон хэрэгжүүлэх зэрэг олон талын хамтын ажиллагааны талаар  ярилцсан байна.

Дашрамд дурдахад тус аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" мөрийн хөтөлбөрт хөрш болон өндөр хөгжилтэй орнууд тэдгээрийн муж, хотуудтай шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлэн, олон тулгуурт гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэх зорилт тусгасан байна. 

Холбоотой мэдээ