"Монголын сайхан орноор" сурталчилгааны өдөрлөг БНПУ-д амжилттай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Краков дахь Өргөмжит консул Ц. Уртнасан, Краков хот дахь Монголын Соёлын төвийн захирал Ж.Мөнхцолмон нарын санаачилгаар Монголын сайхан орноор сурталчилгааны өдөрлөг БНПУ-ын Жэшүв хотод амжилттай болжээ.
Үзэсгэлэнд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Батаа, Зөвлөх Н.Мөнхтуяа, Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Гэрэлмаа нар, БНПУ-ын Подкарпацка мужийн дэд дарга хатагтай Луцина Подхалиш, Жешүв хотын Иргэдийн хурлын төлөөлөгч Станислав Кручек, Жэшүв хотын дэд дарга Марек Устонбински, Жэшүв хотын Соёлын төвийн захирал Марек Яастчебзки зэрэг албаны төлөөлөгчид оролцов. Монгол үндэсний хувцасны загвар үзүүлэх, ая дууны мэндчилгээ дэвшүүлж, ирсэн зочдыг монгол үндэсний хоолоор дайлахад Краков хотын оюутан залуучууд болон Польш дахь Монголчуудын холбооны хамт олон идэвх зүтгэлтэй оролцсон байна.
Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Батааг Подкарпацки мужийн дэд дарга хатагтай Луцина Подхалиш болон гадаад харилцаа, гадаадын иргэн харьяатын байгууллагын удирдлагууд хүлээн авч уулзжээ. Тус уулзалтад Зөвлөх Н.Мөнхтуяа, Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Гэрэлмаа, тойрог хариуцсан Өргөмжит консул Ц.Уртнасан нар оролцжээ. Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, суралцаж буй оюутны тоог нэмэгдүүлэх, үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Монголын томоохон хотуудтай найрамдалт харилцаа тогтоох, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохиохтой холбогдуулан санал бодлоо солилцсон байна.