Тосонцэнгэлд Боролдой номын дэлгүүрийн салбар нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-20 16:22:26

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Боролдой номын дэлгүүр Тосонцэнгэл суманд салбараа нээжээ. Тус номын дэлгүүрийг анх 2014 онд нээсэн бөгөөд 2017 онд Интер номын салбар болон үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. 

Завхан аймгийн хамгийн олон хүн амтай томоохон сумын нэг Тосонцэнгэл. Тус суманд байгуулсан Боролдой номын дэлгүүрийн салбараас иргэд төрөл бүрийн номыг худалдан авах боломжтой бөгөөд, захиалгаар номоо худалдан авч болох юм байна. Мөн уншихыг хүссэн номоо 89263640, 99294273 утсаар захиалах боломжтой.

Боролдой номын дэлгүүр нь өнөөдрийн байдлаар 1200 гаруй нэр төрлийн номоор аймгийн иргэдэд үйлчилж байгаа цорын ганц дэлгүүр юм. Анх нээхдээ хүүхдийн номын дэлгүүр нэртэйгээр байгуулж байсан бол өдгөө насанд хүрэгчдийн дуртай дэлгүүр болжээ. Үйлчлүүлэгчдийн тоо эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр номын тоо төрлөө нэмэгдүүлж, дэлгүүрээ өргөжүүлж сүүлийн үеийн, орчуулгын гадаад зохиолуудыг Улаанбаатарын үнээр нь худалдан борлуулж байна.

Манайх бэлэн худалдаалахаас гадна аймгийнхаа 24 суманд номын үзэсгэлэн худалдааг жилд хоёр удаа гаргаж байна. Өнөөдрийн байдлаар 23800 орчим хүнд үйлчилгээ үзүүлээд байна. Бид мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд ном уншиж өгөх өдрийг Улиастай сумынхаа долоон цэцэрлэгт зохион байгуулаад байгаа. Сургуулийн хүүхдүүдэд хүссэн номоо худалдаж авч чадахгүй бол дэргэдэх уншлагын танхимдаа үйлчилгээ үзүүлж байна хэмээн Боролдой номын дэлгүүрээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ