Шамбалын оронд зорчихдоо та үүнийг анхаараарай

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-04-22 09:47:10

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймагт аялал жуулчлал идэвхтэй хөгжиж буй энэ цагт Хамарын хийд, Шамбалын орноо зорин ирэгсдэд зориулж газар орныг шүтэх, зан үйлийг хэрхэн зөв хийх тухай эрдэмтэн, мэргэдийн бичсэн тайлбар баримтаас иш татан хүргэж байна. 

 Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанраваа XIX зууны 1850-аад оны үед Хамарын хийдийн хойно орших хүрмэн чулуун хадны дундах талбайд Шамбалын орны тэгийг бүтээж овоо босгон өөрийн шавь нартайгаа Шамбалын оронд уулзах билэг ерөөл тавьжээ.

Шамбалын орны тухай бурхны шашны гүн ухаан сургаал байдаг аж. Энэ нь хүмүүн бид гэгээрч, төгс төгөлдөржин, оюунаараа хүрч болох ариун дагшин орон юм. Энэ оронд хүрсэн хүний сэтгэл нь туйлын амгаланг олдог бөгөөд үл мэдэх цэнгэл жаргаланг эдэлнэ. Энд  оюуны төгс хөгжлөөр хүрч болох эсвэл ихэс дээдсийн тавьсан ерөөлөөр хүрч болох оюуны орныг  Шамбал гэх ажгуу. 

 Хүн төрөлхтөн гэгээрэн ариусч бурхны хутгийг олоход өөрийн сүсэг хийгээд хичээл зүтгэл туйлын чухал боловч цагийг эзэлсэн ихэс дээдсийн ерөөлөөр хүрэх бүтээлийн төв 108  суврагыг энд бүтээж, сүсэгтэн  мөргөлч олны очих дуртай газрын нэгэн энергийн төв бий болгожээ.

Шамбалын ариун орныг зорин ирэгсэд дараах зүйлийг хийнэ.  Шамбалын орныг зорихдоо Хамарын хийдээс гороогоор ирэх бөгөөд Их хаалганы өмнөх бодияны мэлмийг харж бясалгал хийнэ.

Шамбалын орныг зорихдоо баруун хаалгаар орно. Энэ үүдийг хилэнцийг арилгах ариун хаалга гэнэ. Дотогшлон орж өөрийн бие, хэл, сэтгэлийн хирийг угааж байна хэмээн санаж, үйлдсэн муу үйл бүхнийг наминчлан бясалгаад цаасанд өөрийн нэрээ бичиж “Бирдийн ходоод”  буюу зүүн хойд зүгт хандсан бяцхан агуйд хийж шатаана.

Учир нь шамбалын гэгээн орноо хилэнц гэмээсээ хагацаж ариусал нигүүслийг олсон хүмүүн дараа төрөлдөө төрөх учиртай  аж.Үүний хойно одоо бие, хэл, сэтгэл ариусч “Гэгээнтний тавьсан ерөөл буянт багтах боллоо” хэмээн  санаж цагийн хүрдэнд мөргөнө.

Энэ зуур бие, хэл, сэтгэлийн мөргөл буюу гурван үүдний мөргөл үйлдэж цаг хугацаа даван таны талбисан ерөөл буянаар Шамбалын орноо төрж улмаар бурхны хутагийг олох болтугай хэмээн санана. 

Үүний хойно Шамбалын орныг төлөөлөх суварга шүтээн сэлтэд нэг бүрчлэн сэтгэлийн тахил өргөж аврал одуулна. Суварга бүрт мөргөнө. Өөрийн мэдэх  маань, мэгзэм, ерөөл магтаалаа уншиж сэтгэлээ баясгасанаар Шамбалын номын чуулганаа даган баясаж байна хэмээн бодно.

Гурван үүднээс тахил сэлт хийгээд дээдийн шүтээн уулнаа хандан өргөл өргөнө. Энэ нь нанчид. Энд та хилэнц гэмээсээ хагацаж ариусал гэгээрлийг олсон болохоор зөвхөн хойд төрөлдөө Шамбалын дагшин оронд төрүүлж хайрлана уу хэмээн сүсэглэн бодох ёстой. 

Шамбалын овоонд гарч хадаг өргөн залбирал үйлдэнэ. Энэ овоог Алтан гавал овоо гэх бөгөөд Шамбалын дээд орны замбуулин дээрх хүйс гэж үздэг. Алтан гавал овоонд хүндэтгэл үзүүлснээр Шамбалын хаан Рэгдэндагва тэргүүтэн ихэд баясан танд хишиг хүртээдэг ажээ.

Дотоод тамир гэрлэн хүрээг нөхөж адистад оршооно. Их хаалганы зүүн талын хаалгаар гарах ба энэ хаалганы нэрийг “Буян заяаг оршоож амгаланг урих хаалга” хэмээнэ.  “Ум сайн амгалан болтугай” хэмээн гурван удаа хэлнэ. Ингэж бишрэл залбирал үйлдэн бие, хэл, сэтгэлээрээ ариусдаг. Шамбалын энэ газрыг Монгол оронд буй “Энергийн төв” гэж үздэг бөгөөд иймээс Монголын  ард түмэн төдийгүй гадны орны жуулчид жилийн дөрвөн улиралд зочилдог. 

Холбоотой мэдээ