АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөрт орох зорилтоо танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-26 11:03:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-ын Төрийн департаментын консулын асуудал эрхэлсэн Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн дарга Браунлитэй энэ сарын 25-нд Вашингтон хотноо уулзав.


Уулзалтын үеэр талууд хоёр талын консулын асуудлаар тусгайлан санал солилцох зөвлөлдөх механизм бий болж,  Монгол Улс, АНУ-ын ГХЯ хоорондын  консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буйг тэмдэглэв.


ГХЯ, АНУ-ын ЭСЯ хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монгол иргэд америкийн цагаачлалын хууль тогтоомжийг мөрдөн, визийн хугацаа хэтрүүлэхээс эхлээд бусад үзүүлэлт эрс сайжирч байгааг талууд цохон тэмдэглэв. Мөн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улс алсдаа АНУ-ын визээс чөлөөлөх хөтөлбөрт орох зорилт тавин ажиллаж буйг онцлов.


2018 оны байдлаар манай улсын 25 мянга гаруй иргэн АНУ-ын 200 орчим хотод амьдарч байна.

Холбоотой мэдээ