Хөдөлмөрийн баярын жагсаалд 2.4 сая хүн оролцлоо

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2019-05-02 08:37:46
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5-р сарын 1-ний өдрийг ОХУ-д Хавар болон Хөдөлмөрийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Хөдөлмөрийн баярын жагсаалд орон даяар 2.4 сая гаруй хүн оролцсон хэмээн ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Жагсаалд оролцогчид зохистой цалин хөлс, хямд орон сууц болон үнэ, тарифын өсөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

 Хөдөлмөрийн баярын өдөр нийслэл Москва хотын Улаан талбайд 100 мянга гаруй хүн цугларч "Ажилчдын ​​ашиг сонирхлыг дээдэлсэн шударга эдийн засгийн төлөө!", "Амар амгалан, Хөдөлмөр, Тавдугаар сар!", "Хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө!", "Зохистой цалин хөлс эрүүл нийгмийг бүтээнэ!" зэрэг уриан лоозон хашхирч байв. Жагсаалын тэргүүн эгнээнд ОХУ-ын үйлдвэрчний эвлэл, олон нийтийн байгууллагын удирдлагуудаас гадна Москва хотын захирагч С.Собянин, Москва хотын Думын дарга А.Шабанников нар алхаж жагсаалд нэгдсэн юм.

 Энэ өдөр Санкт-Петербург хотын баярын жагсаалд мөн л 100 гаруй мянган хүн нэгдсэнийг тус хотын захиргаанаас мэдээллээ. Өглөөний 11 цагт тус хотын Бослогын талбайд хуран цугларсан жагсагчдын цуваа бараг нэг километрт хүрсэн байна. Санкт-Петербургийн жагсагчид уламжлал ёсоор боловсрол, эрүүл мэнд болон бусад мэргэжлийн холбоодын тэмдэг бүхий агаарын бөмбөлөг, тууз, тугийг намируулан хөдөлмөр эрхлэгчдийн эрхийн төлөө жагслаа.

 5 дугаар сар гармагц оросуудын хувьд Майн баярын урт амралтын өдрүүд эхэлдэг. 5 дугаар сарын 1-ээс 5-ны өдөр Хавар болон Хөдөлмөрийн баярыг тохиолдуулан бүх нийтээрээ амардаг бол, 9-12-ны өдрүүдэд Ялалтын баярыг тохиолдуулан мөн л орон даяар амардаг.

Холбоотой мэдээ