Агаарын бохирдлын улмаас эх, хүүхдэд учрах эрсдлийг хэлэлцэж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-05-08 16:53:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах үр дүнгээ өгтөл хамгийн их эрсдэл хүлээж буй хүн амын бүлэг болох эх, хүүхдийн эрүүл мэндийг яаралтай хамгаалах шаардлагатай гэдгийг Новотел зочид буудалд өнөөдөр эхэлсэн “Эмэгтэйчүүдийн нүдээр:Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” чуулганд оролцогчид онцлов.


“Монфемнет” үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган энэ жил "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд болж буй юм.

Агаарын бохирдолтой холбоотой эрдсэл болон өвчлөлийг даван туулахад зарцуулах шууд зардал гэр бүлд улам нэмэгдсээр байна. Монголын 100 өрх тутмын 1 нь суурь хэрэглээнээс бусад зардлынхаа 40 ба түүнээс дээш хувийг эрүүл мэндэд зарцуулж эрүүл мэндийн зардлын улмаас өрхийн санхүүгийн сүйрэлд өртөж байна. Үүний дотор 5 хүртэлх насны хүүхэдтэй өрх /1.4 хувь/ 5 хүртэлх насны хүүхэдгүй өртэй /0.6 хувь/ харьцуулахад санхүүгийн сүйрэлд илүү өртсөн байна.

Үндэсний статистикийн хорооноос 2018 онд “Улаанбаатар хотын гадаад орчны бохирдол ба эрүүл мэнд” 2019 эмхэтгэлээс үзэхэд Улаанбаатар хотод 1000 амьд төрөлтөд ногдох өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдолд хүйтний улиралд буюу 1-3 дугаар сард хамгийн өндөр байдаг байна. 2017 онд хийсэн НҮБ Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн хамтарсан “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааны тайланд нийслэлд хатгалгаа өвчнөөр нас барж буй таван хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байна гэж дүгнэжээ.


Мөн агаарын бохирдол нь эхийн хэвлий дэх ургийн уушги, амьсгалын замын тогтолцоо, тархины хөгжилд нөлөөлж өсөлтгүй жирэмслэлт, зулбал, дутуу болон жин багатай төрөх, төрөлхийн гажиг үүсэх эрсдлийг дагуулдаг болохыг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Улаанбаатарт ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд тусгажээ.

Иймээс чуулганы зохион байгуулагчид агаарын бохирдлын улмаас эмэгтэйчүүд, хүүхдэд, учрах эрсдэл, амьдралын чанарт үзүүлэх нөлөөлөл, үр дагаварыг бүхэлд нь авч үзэн хэлэлцэж өртөгсөд хохирогсдын ялгаатай хэрэгцээ, хүчин зүйлийг харгалзсан олон талт шийдлийг хэлэлцэн тодорхойлж, төр, засгийн бодлогод нөлөөлөхийг зорьж байна.

 

Чуулганаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгасан зорилт, шалгуур үзүүлэлтийг хангахад тулгарч буй сорилтуудыг тодруулах, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой бодлого, санхүүжилт нь эх, хүүхдэд учрах нөлөөлөл, эрсдлийг бууруулахад чиглэж байгаа эсэхийг хэлэлцэж, тэдгээрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах дунд болон урт хугацааны зорилгын зэрэгцээ  нэмэгдүүлэхгүй байх, эх, хүүхдийн эрүүл мэндэд учирч буй эрсдэл, сөрөг нөлөөллийг арилгахад шаардлагатай бодлого, стратегийг бий болгох хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцэнэ.  Чуулган хоёр өдөр үргэлжилнэ.


Холбоотой мэдээ