Монголын кино зах зээлийг Холливудад гаргах боломжуудыг ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-09 15:55:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кино зах зээлийг Холливудад хэрхэн гаргах талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болов.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн кино салбар хариуцсан орон тооны бус зөвлөх, Монголын үндэсний кино хорооны  тэргүүн М.Оргил хэлэлцүүлгийн үеэр мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Монголын үндэсний кино хороог анх 2017 онд байгуулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхийн кино урлагийн зах зээлийг эзэлж буй Холливудын киноны зургийг Монгол руу татаж, улсынхаа эдийн засагт хөрөнгө оруулах зорилготой ажиллалаа. Ингэхийн тулд УИХ-д өргөн барьсан "Кино урлагийг дэмжих тухай хууль"-ийн эрх зүйн орчин бүрдүүлэхээр гадаадын томоохон хуулийн фермтэй хамтран ажиллаж байна” хэмээн онцлов. Монголын үндэсний кино хороо 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр дэлхийн олон улсын 300 гаруй кино хороодыг нэгтгэсэн “Олон улсын кино хороодын ассоциац”-ын  албан ёсны гишүүн болсон байна. Уг хороо олон улсын жишигт нийцсэн Монголын анхны кино үйлдвэрийн төслийг боловсруулж дууссан гэдгийг тус  хорооны уран бүтээл хариуцсан захирал Ж.Мишээл хэлэв.

Ж.Мишээл гурван настайгаасаа Польш улсад амьдарсан, эмч мэргэжилтэй ч Польш улсын “Өргөмөл гэр бүл” гэх телевизийн олон ангит киноны гол дүрд тогложээ. “Өргөмөл гэр бүл”  Польшийн телевизийн олон ангит кино 13 жил үргэлжлэхэд Ж.Мишээл эхний ангиас 460 гаруй ангид тогложээ. 


Холбоотой мэдээ