Америк цэргүүдийн цогцсыг шилжүүлэн авах хөтөлбөрөө зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-09 09:59:28

ВАШИНГТОН. /BBC/. Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америк цэргүүдийн цогцсыг шилжүүлэн авах хөтөлбөрөө зогсоосон тухай АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.


1950-1953 оны дайны үеэр амь үрэгдсэн 50 гаруй Америк цэргийн цогцсыг БНАСАУ-аас АНУ-д өнгөрсөн онд шилжүүлэн өгсөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын харилцаа сайжирсны илрэл байсан юм.


Харин Пентагон лхагва гарагт мэдэгдэхдээ, хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсонтой холбоотойгоор уг хөтөлбөрийг зогсоож байна гэжээ.


Солонгосын дайны үеэр 36 мянга гаруй Америк цэрэг амь үрэгдсэн бөгөөд 7700 гаруй нь сураггүй болсон аж. Тэднээс 5300 орчмыг БНАСАУ-д сураггүй болсон хэмээн үздэг байна. Америк цэргүүдийн цогцсыг эх оронд нь шилжүүлэн өгөх чиглэлд хамтын хүчин чармайлт гаргахаар тохиролцсон нь АНУ-БНАСАУ-ын удирдагчдын анхны уулзалтаар хүрсэн гол зөвшилцлүүдийн нэг байсан юм. 


Харин энэ оны хоёрдугаар сард Вьетнамд зохион байгуулсан хоёр орны удирдагчдын уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш талуудын хэлэлцээ зогсонги байдалд ороод байна. 


АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Бүртгэлийн агентлагийн төлөөлөгч Чак Причардын мэдээлснээр, хоёр дахь дээд хэмжээний уулзалтаас хойш БНАСАУ-ын төлөөлөгчид тус агентлагтай холбоо тогтоогоогүй ажээ. 

Холбоотой мэдээ