Уул уурхайн орлого 41.2 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-05-14 16:46:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-наас мэдээлж буйгаар, өнгөрсөн дөрвөн сард уул уурхайн салбараас улсын төсөвт 981 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

Улсын төсөвт оруулсан орлогыг өнгөрсөн оныхтой харьцуулахад 286.1 тэрбум төгрөг буюу 41.2 хувиар өсжээ. Алт, нүүрс, зэс, жонш зэрэг ашигт малтмалаас орох татвар, хураамж нэмэгдсэн бол цайр, төмрийнх буурсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн дөрвөн сарын байдлаар 2.5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 18.2 хувиар буюу 386.6 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэс, цайрын болон молибдений баяжмал, жонш, боловсруулаагүй нефть нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6 хувь буюу нийт экспортын 83.2 хувийг эзэлж байна.


Чулуун нүүрсний экспорт гэхэд энэ оны эхний дөрвөн сард 11.4 сая тоннд хүрчээ. Энэ нь үнийн дүнгээр 961 сая ам.доллар болж байгаа юм. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал тоо хэмжээгээр 1.226.8 мянган тонноор, үнийн дүнгээр 171 сая ам.доллароор тус тус илүү байна. 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ тонн нь 77.8 ам.доллар байсан бол энэ онд 84.4 ам.доллар болоод байна.

Зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 672.6 сая ам.доллар байсан бол энэ тайлант сард 701.4 сая ам.доллар болжээ. Энэ оны эхний дөрвөн сард 489.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оныхоос 30.5 мянган тонноор, хилийн дундаж үнэ 1.368.6 ам.доллароос 1.434 ам.долларт хүрч 65.4 ам.доллароор өсөөд байгааг өнөөдөр УУХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ