"Бичиг Соёл 2019" үзэсгэлэнг 11 дэх жилдээ дэлгэв

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-05-15 16:31:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бичиг Соёл 2019" үзэсгэлэнг энэ сарын 10-нд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

"Бичиг Соёл" үзэсгэлэн 2014 оноос олон улсын монгол уран бичлэгийн  үзэсгэлэн болж  хүрээгээ тэлсэн юм. БСШУСЯ,  Засгийн Газрын Хэрэгжүүлэгч  Агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Урчуудын Эвлэл, Бичиг соёл боловсролын төв хамтран зохион байгуулсан  “Бичиг соёл-2019” үзэсгэлэнд ОХУ, БНХАУ-ын уран бүтээлчид оролцов. Мөн Улаанбаатар хот болон Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Архангай аймгийн уран бүтээлчид бүтээлээ дэлгэжээ.

11 дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн талаар "Монголын хүүхдийн урлан бүтээх төв"-ийн багш, уран бичлэгийн мастер Д.Ганбаатар хэлэхдээ, "Монголчууд бид мянган жилийн баялаг түүх, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил, тусгаар тогтнолын үнэт өвөөрөө бахархдаг. Энэ бүхнийг нэгтгэн зангидаж, илэрхийлэгч монгол бичиг соёлоо  дээдлэн сурч судлах нь өвөг дээдсийн залгамж үр хойч бидний эрхэм нандин үүрэг юм. Монгол бичиг соёлын өвөрмөц сонгодог хэлбэрийг уран бүтээлчид залуу үедээ, улмаар дотоод гадаадын үзэгчдийн мэлмийд толилуулах нь уг үзэсгэлэнгийн эрхэм зорилго юм" хэмээн онцлов. 


Олон улсын монгол уран бичлэгийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар, Орчин үеийн каллиграфчидын холбооны ерөнхийлөгч С.Хүрэлбаатар, Олон улсын монгол уран бичлэгийн холбооны гүйцэтгэх захирал А.Далангурав, ОХУ–ын Бүгд найрамдах Буриад Улсын "Тэнгэрийн бичиг" уран бичлэгийн холбооны тэргүүн Маргарита Дамбаева Жаргаловна, БНХАУ–ын ӨМӨЗО–ны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн дэд тэргүүлэгч С.Цэнгэлбаяр, Олон улсын монгол уран бичлэгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнгөнхишиг, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Монгол уран бичлэгийн мастер, зураач судлаач багш Д.Батбаяр нар үзэсгэлэнд оролцогчдод батламж гардууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэнд 40 гаруй уран бүтээлчийн 70 бүтээлийг дэлгэжээ.



Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг "Зүүн хүрээ" коллежийн захирал, уран бүтээлч Ц.Мөнх-Эрдэнийн номын бадгууд бүтээлд, тусгай байрын шагналыг уран бүтээлч, зураач О.Ням-Очирын "Шөнө "бүтээлд тус тус хүртээв. БНХАУ-ын  Жин Бай Лин, ОХУ-ын буриадын Бадмаева Риаса Цыренжаповна, Лигденова Ася, Дүгэма, Царюуна, Монгол Улсын Ш.Гэрэлсайхан, Б.Алтантуяа, Ц.Баярмагнай, Т.Болдгарав, Л.Амарсанаа, Э.Мягмардорж, Б.Оюунсайхан нарын бүтээл утгыг товч мэт зангидаж, уран шаглааг сор мэт урласнаараа ялгарч байв.



Үзэсгэлэнгийн үеэр “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдааныг зохиов. Уг уралдааныг 2018 оноос яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн, хайкүч Ш.Хүрэлбаатар ивээн тэтгэн түүний нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм. 

Уралдаанд нийт 89 уран бүтээлч оролцож, 50 хайкүг урнаар бичиж уралдав . Мэргэжлийн уран бүтээлчдээс ХИДС-ийн уран бичлэгийн багш Э.Анхбаяр нэг, МУИС-ийн оюутан М.Буянхишиг хоёр, Б.Түвшинжаргал гурав, ахлах ангийн сурагчдаас нийслэлийн 5 дугаар сургуулийн Б.Зэсмаа нэг, Архангай аймгийн Хайрхан сумын сурагч Э.Амаржаргал хоёр, 53 дугаар сургуулийн Б.Жаргалмаа гурав, дунд ангийн сурагчдаас 65 дугаар сургуулийн Ж.Номин-Эрдэнэ нэг, 16 дугаар сургуулийн А.Маралмаа хоёр, 65 дугаар сургуулийн Ч.Долгор гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.









Холбоотой мэдээ