Их аварга Какүрюү М.Ананд, Точиношин нар башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-16 17:13:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн тав дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Аойяамаг ёрикири мэхээр давж 5 даваатай башёг тэргүүлж байна.


Шинэхэн Озэки Такакейшо гэмтлийн улмаас өнөөдрөөс башёг өнжихөөр болов. Тэрбээр өчигдөр Митакүэмитэй барилдан, давахдаа хөлөндөө гэмтэл авсан бөгөөд дэвжээний багш Чиганоүра ояката Такакейшёог гэмтэл нь улам хүндрэх аюултай тул барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Энэ өдөр Такакейшёотой учраа таарсан Тамаваши Б.Мөнх-Оргил даваагаа ахиуллаа.


Сэкиваке Ичиножёо А.Ичинноров өнөөдөр Комүсүби Митакүэмид унан 2 даваа, 3 унаатай болов. Озэки цолоо 10 давбал эргүүлэн авах болзолтой Сэкиваке Точиношин өнөөдөр Хокүтофүжиг давснаар Их аваргын адил 5 даваатай байна.


Харин энэ өдөр Озэки Такаясү, Чиёотайрюүг давж 4 даваа, 1 унаатай байгаа бол Озэки асан Котошёогикү, Эндог давсан юм.


Жюүрёо зиндааны бөхчүүдээс Араваши болон Сэйро /2-2/ нар хоорондоо барилдаж Араваши /1-3/ анхны даваагаа авсан бол Кирибаяма Б.Лхагвасүрэн Аминишикигээр 3 дахь даваатай болов. Харин Миторюү Төрболд /2-2/ Дайшёомарюүд уналаа. Энэ өдөр Кёкүшюүхо Эрдэнэбаатар /3-1/  Икиог давсан бол Азамарюү Тодбилэг /1-3/ Такагенжиг дийлсэнгүй. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Санданмэ зиндаанд 2 дахь ялалтаа авсан байна.

 

Холбоотой мэдээ