Монгол, Литва улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёнитег энэ сарын 22-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр, талууд хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцолж, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, боловсрол, харилцаа холбоо, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө ажиллахаа харилцан илэрхийлэв.
Элчин сайд И.Марчюлёните энэ сарын 26-нд Сүхбаатарын талбайд болох "Европын нээлттэй өдөрлөг"-т оролцохоос гадна тус улсын Засгийн газрын хөгжлийн тусламжаар манай улсад хэрэгжүүлж буй эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах төслийн явцтай танилцах юм. Түүнчлэн ХХААХҮЯ, БСШУСЯ, Сангийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерийн сургууль болон ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн удирдлагатай уулзаж хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцохоор төлөвлөж буй юм.