Улсад жишиг болох хамгаалалтын захиргаа Дорноговьд байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-29 09:54:19

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байдаг Ихнартын байгалийн нөөцийн газрын хамгаалалтын захиргаанд дарга болон гурван мэргэжилтэн, нэг жолооч ажиллахаас гадна АНУ-ын Денвер зологийн сантай хамтран ажилладаг гурван идэвхтэн байгаль хамгаалагч ажилладаг.

Тус газарт “Тусгай  хамгаалалттай  газар нутгийн  сүлжээг  бэхжүүлэх  нь” SPAN/10/302 төслийг  НҮБХХ  /UNDP/,  ДДБОС  /GEP/,  Монгол Улсын Засгийн газрын нийт 4.2 сая ам.долларын санхүүжилтээр  2011-2016  онд  Их  нартын байгалийн нөөцийн газарт хэрэгжүүлж дуусчээ.

Менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор Хамгаалалтын захиргааны байр, ажилчдын цалин нийт 164.3 сая төгрөгийн санхүүжилтийг  аймгийн  ИТХ  шийдвэрлэсэн  юм.

Ингэж  орон нутгаас  тус  газрын  хамгаалалтын захиргааг  дэмжсэнээр  дэлхийд  хосгүй  унаган төрхөөрөө  байгаа  энэ  бүс  нутгийг  түшиглэж аялал  жуулчлал  хөгжүүлэх,  орон  нутгийн  брэнд үйлчилгээ бий  болгох,  үүнээс  улбаалж эдийн засагт хөрөнгө мөнгө төвлөрүүлэх боломж ойрхон байгаа юм.  

Ихнартын байгалийн нөөцийн газрын хамгаалалтын захиргаа нь анх удаагаа орон нутгаас санхүүжиж байгаа Монгол Улсад жишиг болж буй байгаль хамгаалах бүтэц аж. Тус бүс нутагт хуулиар хориглосон аргаль янгирыг агнах асуудал гардаггүй ч  хууль бусаар уул уурхай эрхлэх, булш хиргисүүрийг ухах  зэрэг зөрчил гардаг тул иргэд рүү чиглэсэн мэдээллийн ажил, хяналт шалгалтын ажлыг голчлон хийдэг тухай мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Д.Анандпүрэв ярилаа.

Хамгаалалтын захиргаа байгуулагдаагүй байхад орон тооны ажилтангүй, санхүү төсөв хөрөнгөгүй, хяналт шалгалт хийдэггүй, зөвхөн сайн дурын идэвхтэн байгаль хамгаалагч ажилладаг байжээ.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ