Дундговийн эмэгтэйчүүд “Хүчирхийллийн эсрэг бүх хүний оролцоо” уриан дор чууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-05-29 12:04:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 14 сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 200 гаруй эмэгтэй Мандалговь хотноо чуулж, “Хүчирхийллийн эсрэг бүх хүний оролцоо” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийнхөө оролцоог тодорхойлж, оюун санааны соёлын довтолгоог эхлүүллээ.  

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймгийн салбар зөвлөлөөс тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан энэхүү чуулганд тус чуулганы төлөөлөгчдөөс гадна Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, тус байгууллагыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд урилгаар оролцжээ.

МЭХ-ны аймгийн салбар зөвлөлийн дарга Л.Дэнсмаа МЭХ-ны 95 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Дурсамж илтгэл” тавьж, тус холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл МЭХ-ноос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж, “Хүчирхийллийн эсрэг бүх хүний оролцоо” лекц уншиж, аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар баяр хүргэж, үг хэлсэн юм.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүд бол эрчүүд биднээс хавьгүй илүү, хүчирхэг хүмүүс юм, ажил албаа зохицуулж, ар гэрээ төвхнүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гээд эмэгтэй хүний амьдралдаа үүрдэг ачаа бодит байдал дээр эрчүүдийнхээс бараг гурав дахин илүү байна” гээд “хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөөх хүчин чармайлт зөвхөн манай улсад ч төдийгүй дэлхийн улс орнуудад ч шийдлээ хүлээсээр байна, тиймээс хүчирхийллийг бууруулахын тулд олон улсын арга, туршлагыг нарийн судалж, хүчирхийллийг үл тэвчдэг, хамгаалах иргэдийг бэлтгэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ард иргэдээ оролцуулах, албан байгууллага, ТББ-ууд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхий л талын манлайллыг бий болгож, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгэмд чиглэсэн сурталчилгааг тууштай нийтэлж, нэвтрүүлж байх шаардлагатай байна” гэлээ.  

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2019 оныг “Хүчирхийллийн эсрэг жил” болгож, “Хүчирхийллийн эсрэг хамгийн хүчтэй дуу хоолой бүхий байгууллага байна” хэмээн зорилгоо тодорхойлоод бүх үйл ажиллагаагаа түүнд чиглүүлэн, ажиллаж байгаагаа тус холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл танилцуулж, “Хүчийрхийллийн эсрэг үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, эхчүүд бид өөрсдөө манлайлж оролцох ёстой, эмэгтэйчүүд бол нийгэмд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг, эмэгтэй хүний асуудал бол нэг хүний ч асуудал биш, нийт хүн төрөлхтөний асуудал юм.

Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил, тухайн айлын өнгө, хүчирхийлэл гээд нийгмийн амьдралын бүх зүйл эмэгтэй хүнтэй салшгүй холбоотой байдаг. Тиймээс эхчүүд, ээжүүд та бид бүгдээрээ нийлээд энэ нийгэмд, Монголын түүхэнд үлдэхүйц юу хийж чадах вэ?, өнөөдрийн энэ нийгэмдээ бидний оролцоо ямар байна вэ? гэдгийг ярилцаж, цаашдаа гарц, шийдэл гаргаж ажиллах ёстой байна.

Бид энхийн цагт амьдарч байгаа ч гэсэн дайны цагт амьдарч байгаа юм шиг үр хүүхдээ алдаж байна, үр хүүхдээ хүчирхийлүүлж байна, муу муухай зүйлийг сонсч, үзэж харж байна, тиймээс охидоо бид яаж хамгаалах вэ?, ирээдүйн аавуудыг, ирээдүйн ээжүүдийг бид яаж бэлтгэх вэ? гэдэг бол бид бүгдийн тулгамдсан асуудал болоод байна.

Цаашдаа бид хүчирхийлэгч биш, хүн бэлтгэх, ээж аавуудыг бэлтгэхэд л төрийн бодлого, боловсролын бодлого, бүх хүн анхаарч ажиллах ёстой, үүнд л бид бүгдийн оролцоо байх ёстой, гэр бүлийнхээ түвшинд л хүн бүр хичээж, оюуны соёлыг түгээж, хүн бэлтгэж байж өөрчлөгдөх ёстой” хэмээн онцлон хэлсэн юм.   

Тус чуулганаар 32 жил аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан авч явж байсан Л.Дэнсмаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, шинэ тэргүүлэгчдээ сонгож, аймгийн салбар зөвлөлийн даргаар  З.Алимцэцэг сонгогдон ажиллахаар болжээ. Энэ үеэр амжилт гаргасан эмэгтэйчүүдээ МЭХ-ны шагналаар шагнаж, урамшуулсан ажээ.

Чуулганы төлөөлөгчид УИХ-д сонгогдсон гишүүдэд хэлж дайдаггүй үгээ энэ танхимд МЭХ-ны Ерөнхийлөгчдөө хэлж, нийгэмд болон орон нутагт тулгамдаж байгаа олон асуудлыг ярьж, зарим нэг хууль, бодлого, шийдвэрт өөрчлөлт оруулахад эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх талаар өөрсдийн санал бодлоо илрэхийлсэн байна. 

Холбоотой мэдээ