Хүүхдийн баяраар Мөрөн сумын алслагдсан багуудад автобус үнэгүй үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-31 12:21:28
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нд Мөрөн хотын төв замд автомашины хөдөлгөөнийг хориглох бөгөөд  Мөрөн сумын 10, 13, 14 зэрэг алслагдсан багуудад хүүхдийн 2 автобус бүтэн өдрийн турш үнэ төлбөргүй үйлчилнэ.

Баярын үйл ажиллагаа өглөөний 10 цагаас Хотгойдын баатар Чингүнжавын талбайд "Аз жаргалтай гэр бүл" уриан дор эхлэх юм. Энэ үеэр аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид болон сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын урлагийн тоглолт, шагнал гардуулах арга хэмжээ, Дэлхийн сүүний өдрийн хүрээнд “Танин мэдэхүйн өдөрлөг”, “Зөв тусгал” хүүхэд хамгааллын хөдөлгөөнд эцэг эхчүүдийг нэгтгэх, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрийг тогтвортой хөгжүүлэх, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг хүүхэд, өсвөр үе, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа, шинээр төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээг тус тус зохион байгуулна. 

Тус баярыг хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамтын оролцоог хөгжүүлж, тэдний чөлөөт цагийн үр нөлөөг хангах, төрөлх нутаг орон түүх соёлоороо бахархах үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажээ.

 

Холбоотой мэдээ