Дэлхийн сүүний өдрийг өдөрт “Нэг аяга сүү-нэг аяга тараг” уриан дор тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-01 08:27:00

Төв  /МОНЦАМЭ/.  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас 2001 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон зарласан юм.

Энэ өдрийг Монгол улс 2016 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил орон даяар “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриатайгаар тэмдэглэж байгаа билээ.

Төв аймаг Дэлхийн сүүний өдрийг “Өдөрт Нэг аяга сүү-Нэг аяга тараг” уриан дор Эрдэнэ сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех”-ийг түшиглэн анх удаа тэмдэглэлээ.

Тус арга хэмжээнд Төв аймгийн ЗДТГ, ХХААГ, БНЧУ-ын ЭСЯ, НҮБ-ын ХХААБ, олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, Эрдэнэ сумын удирдлагууд, багш нар, сурагчид, цэцэрлэгийн багачууд оролцсон юм. 
Энэ
үеэр сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлан, хүн бүрийн нас, биеийн онцлогт тохируулан хэрэглэх, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь чухал болох талаар мэдээлэл өгсөн юм.

Аймгийн Засаг даргын захирамжаар сургууль цэцэрлэгийн хүүхдийн эрүүл чийрэг өсөж, хөгжих нөхцөлийг дэмжих, экологийн цэвэр сүү, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд Өдөрт Нэг аяга сүү-Нэг аяга тараг” хөдөлгөөнийг өрнүүлсэн байна. Энэ хүрээнд 136 мянга гаруй хүүхэд, багачуудад 241.5 тонн сүү тараг нийлүүлж, хүүхдийн хоногийн сүүний хэрэглээг нэмэгдүүлсэн байна. 

Төв аймаг 2019 онд сүүний үйлдвэрлэл, эрчимжсэн аж ахуйг кластераар хөгжүүлж, сүүний үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, сүү боловсруулах чиглэлийн үйлдвэр байгуулах, санал санаачилгыг дэмжин ажилласан байна. Аймгийн хэмжээнд хуурай сүүний бага дунд оврын үйлдвэр, сүүний машин, цөцгий цохих тоног төхөөрөмжөөр хангах, хөрөнгө оруулалтаар дэмжиж улмаар экспортын чиг баримжаатай сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аймаг болохоор зорилт тавин ажиллаж байгаа аж.

Аймгийн хэмжээнд сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 33 үйлдвэр цех, 100 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулж, 70 гаруй тонн ааруул, 30 орчим тонн аарц, тараг, 5.0 тонн голланд бяслаг, 3.5 тонн цөцгий, 430 гаруй мянган литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулан зах зээлд нийлүүлдэг байна.

Мөн Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ-ын “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх” SECIM төсөл нь сүүний нэмүү өртгийн сүлжээг бий болгоход олон талт арга хэмжээгээр хамтран ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ