Нөөлөг салхины улмаас нэг хүний биед гэмтэл учирчээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-06 23:21:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Луус, Өлзийт, Өндөршил, Хулд, Эрдэнэдалай, Гурвансайхан, Сайхан-Овоо сумын нутгаар харанхуйлсан шороон шуурга болж, Дэлгэрхангай, Луус, Өлзийт суманд нэлээд хохирол учруулжээ.

3-нд ажиглагдсан нөөлөг салхины дундаж хурд 16-18 м/сек, өрөвхийлөл нь 24-26 м/сек хүрч салхилсан байна.

Энэхүү салхи, шороон шуурганы хор хохирлын талаар аймгийн ОБГ-аас тодруулахад салхины хурд, хүч нь гамшгийн хэмжээнд хүрээгүй, гэхдээ эхний байдлаар Өлзийт сумын ЗДТГ-ын барилгын дээвэр 100 хувь, ЭМТ-ийн барилгын дээврийн 40 хувь, мөн 4 байгууллагын дээвэр бага зэрэг хуурсан, 8 гэр нурсан байна.

Мөн Дэлгэрхангай суманд малчин Д.Б...-н гэрийн гадаа байсан вагончик (малчид дотор нь амьдардаг отрын чиргүүл) өнхөрсөнөөс болж 40 настай эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэмээн мэдэгдлээ.

Энэхүү хүчтэй салхи, шороон шуургыг цаг уурын хэллэгээр “Нөөлөг салхи” хэмээн нэрлэдэг бөгөөд хавар, намрын шилжилтийн улирал, зуны хур борооны улиралд гол төлөв ажиглагддаг, ялангуяа хаврын улиралд хуурайшилтын улмаас газрын өнгөн хөрснөөс салхины үйлчлэлээр тоос шороо их хэмжээгээр агаарт дэгдэн, үзэгдэх орчин хязгаарлагдаж, тоос шороо газраас дээш хэдэн зуун метрийн өндөрт тархан салхиар зөөгдөн томоохон хэмжээний газар нутгийг хамардаг ажээ.

Үргэлжлэх хугацаа нь бага боловч иргэд, аж ахуйн нэгжид ихээхэн хэмжээний хохирол учруулдаг үзэгдэл юм.

Холбоотой мэдээ