Орхон аймагт “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-06 17:23:28
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төслийг аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаарын захирамж болон “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх давуу тал бий болох юм.

Төсөлд аймгийн ЭМГ, БОЭТ, “Медипас” эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн найман төв, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан зэрэг эрүүл мэндийн 137 байгууллага нэгдэж мэдээллийн бааз үүсгэнэ. Улмаар эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ богино хугацаанд солилцох, дамжуулах, үйлчлүүэгчдийн эрүүл мэндийг хянах, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн эрүүл мэндийн оношилгоог түргэн шуурхай хүргэх, БОЭТ болон Өрхийн эрүүл мэндийн төвд үйлчүүлэх дараалал, хүлээгдэл, чирэгдлийг багасгаж цаг товлолыг цахимаар олгох гэнэ.

Эрүүл мэндийн байгууллагууд дотооддоо цахим хэрэглээ нь сайн ч үйлчүүлэгч болон бусад эрүүл мэндийн байгууллагатайгаа холбогдох нөхцөл нь муу байдаг. Иймд дээрх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн эхний хэлэлцүүлгээр орон нутгийн төсөвт тусгагдсан 200 сая төгрөг нь хүрэлцэхгүй буюу нийт зардал 355 сая төгрөг болж байгааг тус салбарынхан хэлж байлаа.

            

Холбоотой мэдээ