"Дэлхийн энх тайвны индекс" сүүлийн таван жилд анх удаа өсжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-06-12 15:02:30

ЛОНДОН. /TASS/. Өнгөрсөнд жил дэлхийн улс орнуудын ихэнх нь “Дэлхийн энх тайвны индекс”-т /Global Peace Index 2019/ байр сууриа ахиулсантай холбоотойгоор уг үзүүлэлт сүүлийн таван жилд анх удаа өсжээ. Энэ тухай дэлхийн хүн амын 99.7 хувь нь оршин суудаг 163 улсын байдлыг судалж, дүн шинжилгээ хийдэг Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн /The Institute for Economics and Peace/ жил тутмын тайлан мэдээнд дурджээ.


Энэ жил Исланд улс "Энх тайвныг хамгийн их цогцлоосон улс"-аар дахин шалгарсан байна. Тус улс 2008 оноос хойш тэргүүлэх байр сууриа хадгалж байгаа юм. Исландын дараа Шинэ Зеланд, Португал, Австри, Дани улс бичигдсэн бол Афганистан жагсаалтын сүүлийг мушгижээ. Харин Монгол улс өнгөрсөн жилийнхээс дөрвөн байраар дээшилж 42 дугаарт орсон байна. Өмнөх жагсаалтуудад сүүл мушгидаг байсан Сири улсын хувьд гурван жилийн хугацаанд анх удаа байраа гурван шатаар ахиулжээ. Энх тайвныг эрхэмлэх байдал хамгийн муу орнуудын тоонд мөн Өмнөд Судан /161 дүгээрт/, Йемен /160 дугаарт/ болон Ирак улс /159 дүгээрт/ орсон байна. Хэрэв жагсаалтыг бүхэлд нь харвал, дэлхийн есөн бүс нутгаас дөрөв нь өнгөрсөн жил илүү тайван амгалан болжээ.


ОХУ-ын хувьд “аюулгүй байдал”, “мөргөлдөөн”, “цэрэгжүүлэлт” гэсэн ангиллуудад үзүүлэлт нь дээшилж, мөн хүчирхийллийн гэмт хэргийн тоо багасаж, улс төрийн байдал тогтвортой, улс орны амьдралд үзүүлэх террорист аюулын нөлөө багассан зэрэг эерэг үзүүлэлтэй гарсан боловч нэг байраар ухарч 154 дүгээрт бичигдсэн байна.


Хэдийгээр эерэг өөрчлөлт гарсан боловч дэлхий ертөнц 2008 оныхтой харьцуулахад өдгөө илүү аюултай болсныг Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгийн шинжээчид онцлон тэмдэглэжээ. "Дэлхийн энх тайвны индекс" сүүлийн долоон жилийн хугацаанд жилээс жилд буурсаар байгаа бөгөөд үүнд Хойд, Төв болон Өмнөд Америкийн байдал нөлөөлж байгаа ажээ. Тухайлбал, Никарагуа /120 дугаарт/ болон Венесуэл улсад /144 дүгээр байр/ улс төрийн байдал улам тогтворгүй болж байгаа бол Бразил /116/ болон АНУ-д /128/ улс төрийн туйлшрал улам даамжирсаар байгааг шинжээчид дурдсан байна.


Энх тайвны индексийг гаргахдаа нийгмийн нэгдмэл байдлын түвшин, хүний эрхийн байдал, улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, террорист аюулын түвшин, аль нэг улсад байлдааны ажиллагаанд оролцож байгаа эсэх зэргийг харгалздаг ажээ.


Холбоотой мэдээ