Цэцэд алдаагаа засах боломж УИХ олголоо

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-06-14 11:21:34

Үндсэн хуулийн Цэц дунд суудал (2019 оны 5 дугаар сарын 27 )-ын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгууль зарласан парламентын шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн 02 тоот дүнэлт гаргасан юм.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2019 оны 6 дугаар сарын 13)-аар Цэцийн 02 тоот дүгнэлтийг авч  хэлэлцэн бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа. Парламентын гаргасан энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн Цэцэд дунд суудлын хуралдаанаараа гаргасан алдаа (УИХ-аас гадна олон нийт ингэж үзсэн)-тай дүгнэлтээ засах боломж олгов гэж зарим хуульч хэлж байна.


Цэцэд улс төр судлаач Д.Ганхуяг “Гишүүн Д.Гантулгыг  чөлөөлсөн УИХ-ын 42 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн” гэсэн мэдээлэл гарагсан аж. Иргэний гаргасан мэдээллийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Гэхдээ “гуя дагаж, хүзүү” гэдэг шиг гаргасан мэдээлэлтэй холбогдолгүй, сонгуулийн хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргажээ. Тухайлбал, улс төрийн нам  УИХ-ын сонгуульд оролцохдоо санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө УДШ бүртгүүлсэн байна гэсэн утгатай заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн байх жишээтэй. Гэтэл сонгуулийн хууль дахь энэ заалт нь нөхөн сонгуультай хамааралгүй байжээ. Мөн нөхөн сонгуулийн тов зарласан тогтоолд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн, нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс гарах ёстой  байсан гэж дүнэлтэд тусгажээ. Засгийн газрын нөөц хөрөнгө нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болдог юм байна. Ийм учраас Цэцийн дүгнэлтийг УИХ  хүлээн авахгүй байх нэг үндэслэл болжээ.


Харин одоо парламентын олгосон энэ боломжийг Цэц ашиглан их суудлын хуралдаанаар алдаагаа засах ёстой болж  байна. Цэцийн гаргасан 02 тоот дүгнэлт, УИХ-аас дүнэлтийг хүлээн авахгүй гэсэн тогтоол гарах, 16 хоногийн хооронд улстөрчид болон иргэдийн дунд олон янзын байр, суурь хөвөрлөө. УИХ, улс төрчдийн хүрээнд хөндөгдсөн нэг сэдэв нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө чөлөөлж болох эсэх тухай байв. Ийм байр суурийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр сөхөж, асууж байв. Түүний эл асуултад Ш. Раднаасэд ( Хууль зүйн байнгын хорооны дарга) “Цэцийн дээр “хөх тэнгэр”-ээс өөр зүйл байхгүй гэж бодоод хэдэн хүн уулын аман дээр зүгээр суучихаад, асуудлыг өөрийнхөөрөө шийдээд байж болохгүй. Цэцийн гишүүнийг авч хэлэлцдэг процедур, байгууллага бий” гэсэн хариулт өгч байсан.


“Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг дунд суудлын хуралдаанаас дутуу, дундуур шийдвэр гарсан нь Цэцийн гишүүдийн бүрэн эрхийг хөндөх хэмжээнд хүрэв бололтой. Алдаатай шийдвэрийн хор уршиг гэж энэ болов уу.


Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот дүгнэлтийг тойрсон улс төрийн үйл явдлыг харахад  иргэний сонгох (УИХ-ын 42 дугаар тойргийн) эрхийг сөхөж байсан гэж хэлж болно. Гэхдээ тухайн тойргийн сонгогчид сонгох эрхийнхээ төлөө үг хэлээд байв уу гэвэл бас тийм биш. Харин тэднийг төлөөлж тэндээс сонгогдох гэсэн улс төрчид, улс төрийн намууд хувь хувийнхаа байр суурийг илэрхийлсэн гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй. Нөхөн сонгууль гэдэг бол УИХ-д суух гэсэн улстөрчдийн хувьд чансаагаа үзэх гэсэн нэг боломж. Ийм боломжийг улстөрч бүхэн ашиглахын төлөө байж таарна.


Ер нь Цэцийн 02 тоод дүгнэлт хүний сонгох, сонгогдох эрхийг хамтад нь хөндсөн. Бүр хязгаарласан зүйл байсан бололтой. Гэвч энэ зангилааг УИХ тайлж чадлаа. Одоо үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа түүнийг баталгаажуулах хэрэгтэй болов бололтой. Хуулийн хүрээнд сонгох, сонгогдох иргэдийн таашаалд нийцсэн дүгнэлт Цэцийн их суудлын хуралдаанаас гарахгүй бол төрийн энэ инститүцийн гишүүдийн нэр хүнд газарт унах магадлатай гэж зарим улс төрч хэлж байна. Гэхдээ парламент одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд эхэллээ. 

Холбоотой мэдээ