Орон нутгаас нийслэлд ирж эмчлүүлсэн иргэдийн тоо цөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-06-18 11:48:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран “Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг  2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 6 сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжүүллээ.


Төслийн үр дүнд, орон нутгаас нийслэлд ирж эмчлүүлсэн иргэдийн тоо цөөрөөд зогсохгүй иргэдийн цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцлов.

Мөн шаардлагатай мэс заслын тоног төхөөрөмжийг аймгийн удирдлагууд шийдвэрлэж өгсөн бөгөөд БОЭТ-ийн эмч нар, ГССҮТ-ийн эмч нартай хамтран олон төрлийн мэс заслыг амжилттай хийжээ.


Төслийг хэрэгжүүлэх хугацаанд, нийт 2567 хүнд үзлэг оношилгоо хийснээс Өвөрхангай аймгийн БОЭТ-д 47.8 хувь, Өвөрхангай аймгийн алсалсан сумдад 52.2 хувийг эзэлж байна. Мөн 135 хүнд мэс засал хийжээ.


Хэрэв 2567 хүн ГССҮТ-д ирж тусламж үйлчилгээ авсан бол зөвхөн унааны зардалд 236 812 000 төгрөг зарцуулах байсан. Мөн байр, хоол болон бусад урсгал зардалд дээрх мөнгөн дүнгээс хэд дахин их хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн хэмээн төсөл хэрэгжүүлэгч нар хэлэв.


Тус төслийг энэ сарын 1-нээс Хөвсгөл аймагт хэрэгжүүлж эхэллээ.

Холбоотой мэдээ