“Шинэ Мөрөн” хорооллын 135 айлын орон сууцны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-25 09:21:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ Мөрөн” хорооллын эхний ээлжийн 135 айлын орон сууцны нээлт болов.  

Тус орон сууцыг 2013 оноос эхлэн барьж эхэлсэн боловч төсөв санхүүгийн хүндрэлийн улмаас 6 жил болжээ. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй тус байрыг Батбүрдэл компани барьж гүйцэтгэсэн байна. Орон сууцны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон орон нутгийн удирдлагууд оролцов.

“Мөрөн суманд түр оршин суугч иргэдтэй нийт 46 мянган хүн амьдардаг боловч гэр хороолол голчилсон нийт өрхийн 5 хүрэхгүй хувь буюу 890 өрх инженерийн шугам сүлжээ бүхий орон сууцанд амьдарч байна. Цаашид иргэдийг ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2015 оноос хойш 242 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бол 2020 он гэхэд 1000 айлыг орон сууцжуулах зорилт тавин ажиллаж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.

135 айлын орон сууцанд орох иргэдийн санал хүсэлт, өргөдлийг тусгай зарлан хүлээн авч орох иргэдийг нээлттэйгээр тодруулах ажээ.


Холбоотой мэдээ