З.Энхмөнх: Тариалан эрхлэгч залуусыг Азийн зах зээлд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-02 12:10:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ХАА-н салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” уулзалт семинар өнөөдөр ГХЯ-д боллоо.

ХААИС, ШУТИС болон БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй Монгол, БНСУ-ын ХАА-н технологийн хамтарсан уулзалтын талаар зохион байгуулагчдын нэг Монголын Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дэд тэргүүн З.Энхмөнхөөс тодруулав.

Тэрээр, “Бид өнөөдрийн уулзалтаар ХАА-н салбарт, ялангуяа газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд залуу бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, шинэ технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцаж байна. БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлагаас ХАА-н үйлдвэрлэлд, ялангуяа газар тариаланд дрон ашиглах, мөн ухаалаг газар тариаланг хөгжүүлж буй туршлагаа хуваалцаж байна. БНСУ-ын талаас хүлэмжийн аж ахуйд хөрсгүй тариалан эрхэлдэг талаар танилцууллаа. Өнөөдөр тариалан эрхэлж буй хүнээс мэдлэг, чадвар ихээхэн шаарддаг болоод байна” гэв.

Уулзалтаар мөн ХАА-н салбарт ажиллаж буй манай залуу бизнесменүүд өөрсдийн төслийг танилцуулав. Тухайлбал, тусгай мэдрэгчүүдийг ашиглан ус болон бордоо хэмнэж бага зардлаар их бүтээмж гаргах технологийг эх орондоо нэвтрүүлэн Өмнөговь аймагт гүзээлзгэнэ тариалж байна.


Монголын Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дэд тэргүүн З.Энхмөнх цааш нь хэлэхдээ, “Бидний гол зорилго ХАА-н салбарт ухаалаг газар тариалан хөгжүүлэх технологийг нэвтрүүлэхээс гадна эргээд бүтээгдэхүүн гаргаж буй залуусаа  гадаадад сурталчилж, олон улсын зах зээлд гаргах юм. Энэ талаар Азийн хэвлэл мэдээллийн томоохон байгууллага  “Asian today”-тэй хамтран ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулагчидтай холбож өгч байна” гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ