“Инээмсэглэл-Эерэг хандлага” зөвлөлдөх уулзалтад эмнэлгийн 321 мэргэжилтнүүд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-07-06 11:03:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан “Инээмсэглэл-Эерэг хандлага” сумдын бүсийн зөвлөлдөх уулзалтад 18 сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн 321 мэргэжилтнүүд оролцож ажил мэргэжил, урлаг спортын сайн туршлагаа хуваалцлаа.

Уулзалтыг тус аймгийн Цээл, Шарга, Тайшир суманд зохион байгуулж, ажил мэргэжлийн уралдаанд эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эх баригч, багийн эмч, сувилагч, дүн бүртгэгч, эм найруулагч, тогооч, жолооч нар гээд 144 эмнэлгийн мэргэжилтэн оролцжээ. Тэднээс мэдлэгийн түвшин, гардан үйлдлийн шалгалт авч бусдыгаа хошуучилсан ажилтныг шалгаруулан аймгийн ажил мэргэжлийн уралдаанд оролцох эрхийг олгосон юм. 

Мөн үеэр Говь-Алтай аймгийн “Эрүүл мэндийн салбарын эхний таван сарын тусламж үйлчилгээний байдал, цаашид анхаарах асуудал”, “Мэргэжлийн үнэ цэн, харилцаа хандлага”, “Тархинд цус харвалтаас сэргийлэх”, “Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх” талаар 321 эмнэлгийн мэргэжилтэнд, “Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдахын ач холбогдол”, "Артерийн даралт ихсэлт цус харвалтаас сэргийлэх”, “Хүүхдээ хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх хүрэхүйн” хөтөлбөрөөр 100 гаруй иргэнд эрүүл мэндийн сургалт зохион байгуулжээ.


Холбоотой мэдээ